1980-1988 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч байсан Чон Ду Хван гүжирдлэгийн хэргээр өнгөрсөн даваа гарагт шүүхэд дуудагдлаа. Чон Ду Хван өдгөө 88 настай бөгөөд альцгеймерийн өвчтэй. Түүнийг өмнө нь шүүхийн нэхэмжлэлийг тоолгүй явсан ч хүч хэрэглэн баривчилна гэсний дараа Кванжу хотын шүүхэд очихоор болжээ.
Экс Ерөнхийлөгч Чон Ду Хван дурсамж номондоо 1980 онд Кванжу хотод болсон иргэдийн бослогыг хүчээр дарсантай холбоотой аймшигт үйл явдлыг хөндөж бичсэн нь ийн шүүхэд дуудагдах шалтгаан болсон байна. Энэ бослогыг зохион байгуулагчдын нэг гэгээнтэн агсан Чо Чуль Хёныг “Satan wearing a mask буюу хүний арьс нөмөрсөн чөтгөр” гэж нэрлээд босогчдыг нисдэг тэрэгнээс шидсэн, пулемётоор шүршсэн гэх үгийг нь няцаасан байна.
Харин гэгээнтэн агсны дүү энэ ном 2017 онд хэвлэгдсэн даруйд экс Ерөнхийлөгчийг гүжирдлэгийн хэргээр шүүхэд өгчээ. Хэрвээ шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол хоёр жил хүртэл хорих, эсвэл таван сая воны торгууль хүлээх юм байна. Тэрбээр шүүхэд эхнэр, өмгөөлөгчийнхөө хамт очихоор болжээ.
Өнгөрсөн онд бослогыг дарсан нөхцөл байдлыг тогтоох Засгийн газрын тусгай комиссоос цэргийнхэн нисдэг тэргээр жагсаалд оролцогчид руу буудсан гэсэн дүгнэлт гаргаж байсан юм.
Чон Ду Хван нь 1979 онд төрийн эргэлтийн үр дүнд Өмнөд Солонгосын засгийн эрхэнд гарч, 1988 оныг хүртэл тус улсыг дангаараа удирдсан юм. 1996 онд тэрбээр улсаасаа урвасан, хээл хахууль авсан хэргээр цаазын ял сонссон ч Дээд шүүхээс түүний ялыг бүх насаар нь хорих болгон өөрчилсөн байдаг. Харин үүнээс жилийн дараа Ерөнхийлөгчид өршөөл үзүүлсэн байдаг юм.
Чон Ду Хван Кванжу хотын шүүхэд БНСУ-ын тэргүүн хатагтай асан, эхнэр Ли Сүн Же болон өмгөөлөгчийн хамт очсон байна. Кванжугийн шүүхэд сонсгол нэг цаг 16 минут үргэлжилжээ. Дараагийн шүүх хурал ирэх дөрөвдүгээр сарын 8-ны өдөр товлогдсон байна.
Сануулахад, Кванжуд 1980 оны тавдугаар сарын 18-ны өдөр болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 200 орчим хүн амиа алдаж, 1000-аад хүн шархаджээ.