Хятадын Засгийн газарт зориулж Huawei компани тоног төхөөрөмжиндөө тагнуулын зурвас гаргаж өгдөг гэж Вашингтоны эрх баригчид буруутгаад буй. Харин Huawei компанийн удирдлагууд уг сэжгийг эрс няцаасан ч АНУ-ын засаг захиргаа тус компанийн бүтээгдэхүүнийг төрийн ажил үйлчилгээ, дэд бүтцэд ашиглахыг хориглосон юм. АНУ-ын уг шийдвэрийг Австрали, Шинэ Зеланд Улсууд хүлээн авч, 5G сүлжээний дэд бүтэцдээ Huwia компанийн тоног төхөөрөмжийг ашиглахгүй байхаар шийдсэн байна.
Харин Их Британичууд мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл үүсгэж байгаа гэх нотолгоо олоогүйгээ саяхан мэдэгдсэн юм. Тэгвэл Герман Улсын Засгийн газар АНУ-ын анхааруулгыг үл хайхран шударга өрсөлдөөнийг дэмжих зорилгоор Huawei компанийг 5G дэд бүтцийн нийлүүлэгчийн шалгаруулалтдаа оролцуулахаар болсноо өчигдөр мэдэгдсэн юм. Уг мэдэгдэлтэй холбогдуулан Америк, Герман Улсын хооронд хүчтэй маргаан үүсэх нөхцөл бүрдээд байна.
Тодруулбал, Хэрвээ Герман Улс Huwia компанийн 5G технологийг нэвтрүүлбэл, АНУ-ын зүгээс тус улстай тагнуулын мэдээлэл хуваалцдаг хаирлцаагаа бүр мөсөн зогсооно гэж анхааруулсан байна. Германы Берлин хотод суугаа АНУ-ын Элчин сайд Ричард Гренэл Германы эрх баригчдад ийм агуулгатай захидал илгээснийг Wall Street Journal өчигдөр мэдээллэсэн байна. Герман Улсын терроризмтай тэмцэх үйлсэд АНУ-ын тагнуулын мэдээлэл чухал ач холбогдолтой байдаг ч германчууд Huwia 5G технологиос татгалзахгүй бололтой гэдгийг судлаачид онцолсон байна.
Ирэх долоо хоногт тус улсын Засгийн газар 5G сүлжээний дэд бүтцийг нийлүүлж, нэвтрүүлэх компанийг сонгон шалгаруулах юм. Төсөлд Huwia компани шалгарах өндөр магадлалтай бөгөөд хэрвээ германчууд эцсийн мөчид Хятадын компанийг сонговол Америк, Германы дунд гал авалцах нь нэгэнт ойлгомжтой аж.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (1)