“Huawei” компанийн тоног, төхөөрөмжийг тодорхой сүлжээнүүдэд ашиглахыг хориглосон АНУ-ын Засгийн газзрыг тус компанийн удирдлагууд шүүхэд өгчээ. Энэ нь “Huawei”, “ZTE” зэрэг БНХАУ-ын томоохон технологийн компаниудыг төхөөрөмжийг тагнуулын зорилгоор ашигладаг гэх үндэслэлээр АНУ-ын Засгийн газрын агентлагууд ашиглахыг хориглосон шүүхийн шийдвэртэй холбоотой аж. “Huawei” компани “Аливаа хуулийн этгээд, аж ахуйн нэгжид шударга шүүх ажиллагаа явуулалгүй шууд ял тулгах гв хууль ёсонд нийцэхгүй” хэмээн мэдэгдсэн байна. Үүнээс өмнө Канад Улсад саатуулагдсан “Huawei”-ийн Санхүү хариуцсан захирал Мэн Ванжоу Канадын Засгийн газар болон холбогдох албаныхныг шүүхэд өгсөн юм.
Харин “Huawei”-ийн Санхүү хариуцсан захирлын Ванкувер дахь шүүхийн сонсголын огноог зарласан байна. Биритиш Колумбиа тойргийн Дээд шүүхээс түүний хэргийг АНУ-д шилжүүлэн өгөх эсэх асуудлаарх эхний сонсголын хугацааг тавдугаар сарын 8-ны өдөр болгон товложээ. Улс төрийн ноцтой байдал үүсгээд байгаа шүүх хурал хэдэн жил ч үргэлжилж болзошгүй байна.
“Huawei”-ийн Санхүү хариуцсан захирал Канаад баривчлагдсан хэргийг БНХАУ “Улс төрийн хавчлага” хэмээн үзэж түүнийг суллахыг шаардаад байгаа юм. Харин Канад улс хуулиа дашаж мөрдвөл Мэн Ванжоу АНУ-ын талд шилжүүлэн өгөх ёстой болно. АНУ, БНХАУ-ын талууд энэх хэргийг “ Худалдааны дайн”-ы асуудлаас салган харахыг хичээж байгаа аж.
Б.Жаргал