Хятадын эрдэмтэд Хөхнуур мужийн төв хэсгээс 25 сая жилийн настай, чулуужсан дал модны навчны олдвор илрүүлжээ. Тус чулуужмалыг судлаад эрдэмтэд Хөхнуур, Төвдийн өндөрлөгийн эртний төрх байдлыг хадгалсан хэмээн таамаглаж байгаа аж. Судалгааны үр дүнг энэ сарын 7-нд олон улсын тогтмол хэвлэл “Шинжлэх ухааны хөгжил”-д нийтэлсэн байна. Хятадын шинжлэх ухааны хүрээлэнгийнхэн Хөхнуур, Төвдийн өндөрлөгт хоёр дахь удаагаа нэгдсэн судалгаа, шинжилгээ хийж байх үеэр энэ дал модны навчны чулуужмалыг илрүүлж, Төвдийн хойд Лүмбола хэмээх газраас олсон гэнэ.
Энэ нь бүхэлдээ нэг метр урт бөгөөд навчны судал бүр нь тодорхой харагдахуйц аж. шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач Сү Тао “ Дэлхий дээр одоогий байдлаар дал модны төрлийн 2500 гаруй ургамал байдаг. Тэдгээр нь халуун бүс нутагт ургадаг бөгөөд хүйтэн, өндөрлөг газарт ургах боломжгүй. Гэтэл Хөхнуур, Төвдийн өндөрлөгөөс дал модны чулуужмал олно гэдэг үнэхээр ховор тохиолдол” хэмээжээ.
Б.Жаргал