Сурагчдыг зөв төлөвшилтэй иргэн болоход үргэлж анхаарч, хүүхдүүдийн хөгжлийг дэмжиж байдаг Эмпати сургуулиуд өнгөрсөн амралтын өдрөөр “Эмпати Стар-2019” урлагийн их наадмыг өөрийн харьяа буюу “Улаанбаатар Эмпати”, “Дархан Эмпати”, “Орхон Эмпати”, “Баян-Өлгий Эмпати”, “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн нийт сурагчдынхаа дунд анх удаа зохион байгууллаа.
Эмпати сургуулиуд үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн босгон дээр зохион байгуулсан энэхүү наадамд таван сургуулийн сурагчид дуу, бүжиг, хөгжим, чөлөөт үзүүлбэр гэсэн дөрвөн төрөлд өрсөлдөж, нэгэн өдрийг дуу хуур дүүрэн өнгөрүүлсэн юм.
“Манай сургуулиудын зорилго бол та бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа сурлага боловсрол, урлаг, спортын авьяас чадварыг цогц хөгжүүлэх. Иймээс бид хүүхдүүдийнхээ урлагийн авьяасыг нээж илрүүлэх, дэмжих, ялах, ялагдахын амт, өөрийгөө илүү хөгжүүлэх чадварыг нь хөгжүүлэх үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм” хэмээн Эмпати сургуулиудын Ерөнхий захирал Б.Ганбат “Эмпати Стар” урлагийн наадмыг нээх үеэрээ онцолсон.
Түүний хэлсэнчлэн Эмпати сургуулиуд 1994 онд байгуулагдсан цагаасаа хойш 2014 он хүртэл харьяа сургуулиудынхаа дунд олон арга хэмжээ зохион явуулдаг байсныг энэ жилээс ийнхүү дахин эхлүүлж байгаа бөгөөд цаашид спорт, ерөнхий мэдлэг, мэтгэлцээний төрлүүдээр үргэлжлүүлэн явуулж, сурагч хүүхдүүдээ улам хөгжүүлнэ гэдгийг Б.Ганбат захирал тэмдэглэн хэлсэн.
Сургууль бүр дээрх дөрвөн төрөлд нэг нэг үзүүлбэр бэлдэж ирсэн бөгөөд тэдний тоглолтыг
- Монгол Улсын Ардын жүжигчин, дуучин Б.Жавзандулам
- Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжигчин Н.Оюун
- Урлаг судлалын ухааны доктор, хөгжимчин С.Озила нарын нэр хүндтэй уран бүтээлчид шүүн явууллаа.
Сурагчид сонирхолтой, шинэлэг үзүүлбэрээр Улаанбаатар чуулгын тайзыг доргиож, ширүүн өрсөлдсөний эцэст дараах тоглолтууд хамгийн өндөр оноогоор шилдгээр шалгарсан юм. Үүнд:
Шилдэг бүжгийн үзүүлбэр: “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 3-р ангийн сурагч Баттөмөрийн Гэгээнсар “Торгууд биелгээ”
Шилдэг дууны үзүүлбэр: “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 10-р ангийн сурагч Очирбаярын Эмүжин - Майкл Бублэйн “Feeling good” дуугаар
Шилдэг хөгжмийн үзүүлбэр: “Улаанбаатар Эмпати” сургуулийн үндэсний хөгжмийн хамтлаг - “Үүлэн бор” аяар
Шилдэг чөлөөт номер: “Орхон Эмпати” сургуулийн 6-р ангийн сурагч Даваадоржийн Болор-Эрдэм - “Монгол бүсгүй” уран нугаралтаар тус тус шалгарч, шагнуулсан юм.
Харин шилжин явах “Эмпати Стар” цомын эзнээр хоёр авьяаслаг сурагчдаа шалгаруулж чадсан “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль шалгарав.
“Багш нар маань биднийг бүх талаар дэмждэг”
Тус сургуулийн 3-р ангийн сурагч Б.Гэгээнсартай уулзаж тэмцээнийх нь талаар сэтгэгдлийг нь сонсоход “Монгол бүжиг миний хамгийн сайн хийж чаддаг бүжиг. Сургуулийнхаа бүжгийн дугуйлангийн багшаар заалгасан бүжгээрээ сургуулийнхаа “Элит Стар” тэмцээнд түрүүлээд, “Эмпати Стар”-д шинэ бүжиг заалгаж орсон. Миний нэрийг дуудахад нь өөртөө итгэхгүй, маш их баярласан.
Надаас бусад нь дандаа том ангийн ах, эгч нар байсан. Ээж минь маш их баярласан. Би урлагт үнэхээр дуртай” гэсэн бол 10-р ангийн сурагч О.Эмүжин “Сургуулиудын дундах урлагийн тэмцээнд маш олон авьяаслаг хүүхдүүд оролцож, их өрсөлдөөнтэй болсон. Манай сургуулиуд урлагт анхаарч, хүүхдүүдийг хөгжүүлж, энэ тэмцээнийг маш гоё зохион байгуулсан” хэмээн ярилаа.
“Орхон Эмпати” сургуулийн сурагч Д.Болор-Эрдэм уран нугаралтаар гурван жил хичээллэж байгаа бөгөөд сургуулиудынхаа дунд явагдсан тэмцээнд шилдгээр шалгарсандаа маш их баяртай байгаагаа хэлсэн юм. “Багш нар маань биднийг бүх талаар дэмждэг. Сандралгүй тоглолтоо үзүүлээд, түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаарай гэж захисан. “Эмпати Стар” тэмцээн маш гоё болсон. Аав, ээж маань намайг амжилттай оролцсонд их баяртай байгаа” хэмээн ярилаа.
Н.Оюун: Хүүхдүүдийн хүмүүжилд анхаарч ажилладаг нь тод анзаарагдсан
“Эмпати Стар” тэмцээний шүүгчээр ажилласан Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжигчин Н.Оюунтай ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.
Тэрбээр олон жил багшлахдаа улсын мэргэжлийн бүжигчдийн тэмцээнээс эхлээд албан байгууллага, дунд сургуулиудын дундах олон түвшний тэмцээнүүдэд шүүгчээр ажиллаж ирснээ дурдаад “Эмпати сургуулиудын дунд болсон урлагийн их наадмыг шүүх явцад надад нэг зүйл маш тод анзаарагдсан, хүүхдүүдийн хүмүүжилд анхаарч ажилладаг нь.
Үзэгчдийн танхимд сууж байгаа хүүхдүүд маш эмх цэгцтэй байсан бол урлагийн тоглолт үзүүлсэн сурагчид зөвхөн өөрийгөө дөвийлгөх бус, анги, хамт олон, сургуулиа төлөөлж байгаа гэдэг хариуцлагаа ойлгосон, мэддэг, чаддаг зүйлээ гарган, хичээж буй нь их таалагдсан. Яагаад гэвэл би олон жил багшилсан, тэр дундаа манай бүжгийн хүүхдүүд эмх цэгцтэй, хүмүүжилтэй байх ёстой гэж өөрөө заадаг учраас хүүхдүүдийн хүмүүжлийн өөрийн эрхгүй анзаардаг. Тиймээс бусад төлбөртэй, хувийн сургуулиудын хүүхдүүдтэй харьцуулахад энэ талаараа үнэхээр өөр сэтгэгдэл төрүүлсэн” хэмээн ярьсан юм.
Мөн цаашид хичээлийн зэрэгцээ хүүхдүүдийн урлагийн мэдрэмжийг хөгжүүлэх ийм арга хэмжээг үргэлжүүлэн явуулах нь сурагчдад өндөр ач холбогдолтой гэдгийг Н.Оюун багш онцоллоо.
Сурагчдын авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, дэмжиж урамшуулах, багш, сурагчдын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцож, харьяа сургуулиудын хамтрын ажиллагаа, уялдааг бататгах зорилготой “Эмпати Стар” урлагийн наадмыг цаашид жил бүр уламжлал болгон зохион явуулах юм.
Сэтгэгдэл (1)