Утас жингэнэтэл дуугарав.
-“Байна уу?”...Хэсэг чимээгүй байснаа “Байнаа” гэх өнөөх л танил дуу утасны цаанаас сонсогдох нь тэр. Туяа “За сайн уу? Сонин юу байна даа” гэвэл Бадрах хэсэг дуугүй байснаа “Сайн. Эхнэрээ хүлээгээд л цонхоор харж байна” гэснээ чимээгүй болчихлоо.
-Чи нээрээ эхнэртээ их хайртай юмаа.
-Тийм шүү. Би их сайхан эхнэртэй.
- Баяр хүргэе. Сайн хань бурханы хишиг гэдэг байхаа...
-Надаас найман насаар дүү. Надад хачин их хайртай. Бас халамжтай
-Чи ч азтай хүн юмаа.
-Тийм шүү. Гэхдээ л надад жаахан асуудал байна.
-Ямар асуудал байна?
-Надад мөнгө хэрэгтэй байна?
-Эхнэр чинь чамайг мөнгө ол гэж хэлдэг хэрэг үү?
-Түүнийг сайхан амьдруулахын тулд надад мөнгө хэрэгтэй байна. Нээрээ өчигдөр миний төрсөн өдөр болсон. Эхнэр маань өөрийнхөө ээмгийг зараад надад хослол авч өгсөн.
-Сайхан юмаа... Хожимдсон ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе.
-Тийм шүү. Баярлалаа. Энэ хүнгүйгээр би амьдралаа төсөөлж ч чаддаггүй.
-Чи ингэхэд яагаад сэтгэл зүйчид хандах болсноо надад ер хэлэхгүй юмаа?
-Зүгээр л. Хааяа ярилцах хүн хэрэгтэй болчихдог юм.
-Гэхдээ чи дандаа л эхнэрийнхээ тухай ярих юм?
-Сайхан хүнийг сайхнаар л ярих хэрэгтэй биз дээ...
-Амьдралдаа сэтгэл хангалуун байна гэдэг сайхан. Сайхан хань ижил байхад мөнгө нэг их асуудал биш шүү дээ.
-Хм. Тийм гэж үү? гэж хэлэхдээ Бадрахын дуу нэг л хүйтэн хөндий сонсогдоод эхлэв.
-Зүгээр дээ. Чи ингэхэд ажил хий л дээ. Залуу хүнд ажил л чухал шүү дээ.
-Надад таарах ажил олдохгүй юм аа.
-Чи ажил л голоод байна шүү дээ.
-Үгүй ээ. Би бүр жорлонгийн цэвэрлэгч ч хийж үзсэн шүү.
-Тийм гэж үү?
-Үхтлээ ажиллаад ч мөнгө хурааж чадахгүй байна. Туяад хэлэх үг олдсонгүй. Тэр Бадрахын сэтгэлийг жаахан засах санаатай “Амьдрал хайр дээр тогтдог гэж дуу хүртэл байдаг шүү дээ” гэвэл Бадрах “Хүлээн зөвшөөрнөө” гэснээ дахиад л чимээгүй болчихлоо. Хэсэг чимээгүй байснаа “Өө. Уучлаарай. Би маргааш залганаа. Завгүй болчихлоо” гэснээ утсаа салгачихав.
Үнэндээ Туяа олон жил сэтгэл зүйчээр ажиллахдаа Бадрах шиг эхнэртээ хайртай хүнтэй нэг их таарч байсангүй. Бас тэр хэзээ ч ингэж утсаар нэг хүнд олон удаа зөвлөгөө өгч байсангүй. Туяа Бадрахын царайг нэг ч удаа харж байгаагүй хэрнээ нэг л дотно санагдана. Яагаад ч юм Бадрах үргэлж түүнийг завтай байхад залгадаг байлаа. Нэг л тийм гуниглангуй, тэгсэн хэрнээ намуухан зөөлхөн түүний дууг сонсож, бас ярихыг нь битүүхэн хүлээдэг болчихсноо сая л анзаарав. Сэтгэл зүйчид дандаа л зовлон ярьдаг, хардаж, сэрддэг, нэгэндээ өш санаж, өөдгүй бодол тээдэг хүмүүс ханддаг болохоор Бадрахын эхнэрээ гэх их хайр, бас амьдралын төлөөх тэмцэл түүний сэтгэлийг татдаг ч байж магадгүй. Туяа ийм нэгэн утасны танилтай болчихоод бараг зургаан сар болж байлаа.
Гэтэл нэг өдөр түүний өрөөний хаалгыг үл таних авгай омогтойгоор татаж, амьсгаадсаар орж ирлээ.
-“Чамайг Туяа гэдэг үү?” хэмээн хашгичих эхнэрийг харж гайхсан бүсгүй “Тиймээ” гэвэл
-Тэгвэл ч яриатай даа. Та миний нөхөртэй яаж танилцсан. Яагаад түүний толгойг эргүүлээд байна. Эмч нэр зүүсэн завхай хүүхэн хэмээн хашгичих хүүхний чихэнд арав гаруй саяар үнэлэгдэх цагаан алтан ээмэг санжигнаж байлаа. Үнэтэй хувцас, брэндийн чамин эдлэлээр гоёсон эхнэр түүнийг харцаараа хяргах шахан цоо ширтэх нь нэг л хүйтэн. Туяа ялимгүй сандарч
-Та суу л даа. Ямар хүний тухай яриад байгааг би нэг л сайн ойлгохгүй байна гэвэл
-Би Бадрахын эхнэр нь байна. Сүүлийн зургаан сарын утасны жагсаалт нь энэ байна. Яагаад манай нөхөр үргэлж чиний дугаар луу залгадаг, бас яахаараа ийм олон цагаар ярьдаг, юугаа чалчидагаа тайлбарлах л хэрэгтэй болж дээ” хэмээн хашгирч эхлэв. Нөхрөө хардаж, хашгичих хүүхнийг хараад Туяа хэсэг дуугүй байснаа:
-Та суу л даа. Би танай нөхөртэй ганц ч удаа уулзаагүй. Тэр хүн надруу залгаж утсаар зөвлөгөө л авдаг юм. Эхнэртээ хайртай. Бас түүнийг сайхан амьдруулахын тулд их мөнгө олох хэрэгтэй байна гэж л ярьсан гэвэл бүдүүн том биетэй, бараан царайтай эхнэр итгэхгүй байгаа нь илт. Түүний нүд яг л хутга шиг гялалзаж, бас зүрх нь цээжээ дэлбэлэх гэж байгаа юм шиг савчиж, уурласандаа гар нь салгалж байлаа.
-Битгий жүжиг тавиад бай. Тэр чамд хэдэн төгрөг өгсөн? Чамд юу хэрэгтэй юм гэж хашгирах авгайг Туяа арай гэж тайвшруулан, өрөөнөөсөө бараг л өргөх нь халаг гаргачихаад сууж байтал утас жингэнэтэл дуугарав.
-“Байна уу?”...Хэсэг чимээгүй байснаа “Байнаа” гэх өнөөх л танил дуу утасны цаанаас сонсогдох нь тэр. Туяа “Танай эхнэр ирсэн. Хашгирч, хашгирч явлаа. Би ямар гэм хийчихээд танай эхнэрт загнуулаад байгаагаа ойлгохгүй л байна шүү” хэмээн ууртайгаар хэлбэл Бадрах “Уучлаарай” гэснээ таг болчихов.
-Байна уу?
-Байнаа. Би их муухай хүнтэй ханилчихаад байгаа юмаа.
-Би ганцхан удаа уулзсан болохоор тэр хүний талаар юу ч мэдэхгүй шүү дээ.
-Надаас найман насаар ах. Надад хайргүй, бас халамжгүй.
-Хэцүү л юм байна даа.
-Тиймээ. Амьдралд их асуудал байнаа...
-Ямар асуудал байна?
-Би асар их мөнгөтэй.
-Чи чинь мөнгөгүй л гээд байсан биз дээ?
-Үгүй ээ. Асар их мөнгө байгаа. Тиймээс л тэр намайг үргэлж дагаж, хардаж сэрдэж байдаг юм.
-Чи түүнд хэр их хайртай бэ?
-Хм...Хайр гэж юу байдгийг би мартаад удаж байнаа.
-Тэгвэл салж болно шүү дээ.
-Үгүй ээ. Салахгүй.
-Яагаад?
-Би түүнийг зовоомоор байна. Хар шар хүнийг үргэлж зовоодог юм. Хардуулсан нь биш, хардсан нь л зовдог. Эцэс төгсгөлгүй их шунал, бас хардалт тэр хүнийг яаж зовоож байгааг харах сайхан байдаг юм.
-Би сайн ойлгохгүй л байна. Чи чинь их л сайхан эхнэртэй, бас мөнгөгүй л гээд байсан. Худалч...?
-Би мөрөөдлөө, хүслээ л ярьж байгаа юм. Хааяа мөрөөдөх сайхан байдаг биз дээ. Би эхнэрээ ажлаас ирэхийг цонхон дээрээ хүлээж, тэр минь сүүлчийн мөнгөө шавхан надад бэлэг авч, би жорлон ч хамаагүй цэвэрлээд орон гэрийнхээ төлөө зүтгэнэ гэж мөрөөддөг байсан юм. Харин өнөөдөр тэгэх шаардлага алга. Хүүхдээ л бодоод салж ч нийлж чадахгүй амьдарч байна.
-Та хоёр хэдэн хүүхэдтэй юм.
-Гурван хүүхэдтэй. Хоёр хөөрхөн охинтой гэж хэлснээ Бадрах гэнэтхэн инээв. Манай охин миний гэрийн шаахайгаар гурил хутгаж байгаад ээждээ зодуулсан гэснээ чимээгүй болчихлоо. Туяад хэлэх үг олдсонгүй. Дэмий л
-Охин хүүхэд ч хөөрхөн шүү гэвэл
-Тиймээ хачин хөөрхөн. Би танд дараа нь охидуудынхаа тухай ярьж өгнөө гэснээ чимээгүй болчихлоо.
-Чи ингэхэд ямар ажил хийдэг юм?
-Ажилгүй... гэснээ Бадрах гэнэтхэн утсаа салгачихав. Дахиад Бадрах Туяаруу залгасангүй. Харин хоёр сарын дараа Дэд бүтцийн сайд бусдын гарт амиа алдсан тухай мэдээлэл цацагдаж, түүний өрөөнд орж ирж аашилж, хашгирч байсан эхнэр шарилын хайрцаг тэврэн уйлж байхыг Туяа зурагтаар харлаа. Тэр бас л худлаа ярьж байж. Тэр ажилгүй биш бүр сайд байж...Хэд хоногийн дараа Туяа сонин дээрээс “Талийгаач дэд бүтцийн сайд үр хүүхэдгүй хүн байсан. Түүний бүхий л өв хөрөнгө эхнэрт нь оногдож байгаа гэсэн мэдээлэл олж уншаад дахиад л цочив. Яагаад ч юм Туяад нэг л гомдолтой санагдаад болдоггүй. Өчнөөн олон жил тэр сэтгэл зүйчээр ажиллахдаа хүний сэтгэлд юу нуугдаж байгааг огтхон ч мэддэггүй байж. Туяа “Хүсэл мөрөөдлөө нууж, баг зүүсэн худалчууд... Хэзээ ч үл тайлагдах ертөнц... Өөрийгөө нуусаар байгаад, тэр нууцаа үхэхдээ ч авсандаа аваад явчихдаг өөдгүй хүмүүс” хэмээн үглэж байлаа...
Б.Цоожчулуунцэцэг
Сэтгэгдэл (6)