ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Холбооны Аюулаас хамгаалах байгууллагын удирдлагуудтай уулзах ОХУ-д тагнуул хийхээр ирсэн 600 гаруй тагнуулчийг баривчилсан талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр тусгайгийнхан нийт 129 тагнуулч, 465 мэдээлэгчийг баривчилж, хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоосон аж.
Тагнуулчид ОХУ-ын газар нутагт ямар хууль бус үйл ажиллагаа явуулсан, ямар материалыг гартаа оруулсан бэ гэдэг нь одоогоор нууцын зэрэглэлд хамааралтай гэдгийг тэрбээр онцолж, нийтэд задруулахаас татгалзаад “Тагнуулчдын үйл ажиллагаа өмнөхөөсөө хэд дахин эрчимжсэн. Тэд зөвхөн Кремлийг онилох бус бүх салбарт эрхээ тогтоохыг санаархах боллоо. Холбооны Аюулаас хамгаалах байгууллагын удирдлагууд тагнуулчтай хатуухан тэмцэж, тэдэнд улсынхаа нууцыг алдахаас бүрэн хамгаалах учиртай” гэжээ.
Тэрбээр гаднын тагнуулчдын гол бай ОХУ-ын Батлан хамгаалах салбар гэдгийг үгүйсгээгүй бөгөөд хэд хэдэн удаа серверт халдах гэсэн оролдлогыг таслан зогсоожээ.
Путины мэдэгдлийн дараахан баригдсан тагнуулчдын дийлэнх нь АНУ, Их Британийн иргэд гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархсан ч үүнийг Кремл эрс үгүйсгэж “Хэрэгт холбогдсон этгээдүүдийг нэг бүрчлэн шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хэвлэлээр цацагдсан мэдээлэл худал, ташаа” гэж мэдэгджээ.
Албаны мэдээгээр ОХУ-ын газар нутагт тагнуул хийхийг завдсан этгээдийн тоог 2017 онтой харьцуулахад 40-50 хувиар нэмэгдсэн байна.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (1)