Морин хуурын чуулгын менежер Ж.Уугантуяа, ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан, морин хуурч, удирдаач Н.Жигжиддорж, ёочин, тус чуулгын үүсгэн байгуулагч Ардын жүжигчин Ц.Батчулууны гэргий Б.Алтантуул, морин хийлч Л.Болормаа нар энэ сарын 7-нд АНУ-ыг зорих юм байна. Тэд тус улсын Мичиган мужид болох морин хуурын олон улсын анхдугаар наадамд оролцох, зохион байгуулах ажилд туслах аж. Тус наадмыг дэлхийн морин хуурын холбооны гишүүн, Морин хуурын чуулгын дэргэдэх "Хуурчийнхан" төвийн АНУ дахь салбарын тэргүүн Д.Уртнасан зохион байгуулах юм байна. Энэхүү наадмын хүрээнд монгол үндэсний морин хуур хөгжмийг таниулах уулзалт, хурал, тоглолт болно. Мөн хуур тоглож сурч буй монгол болон гадаадын иргэдийн дунд насны ангиллаар ур чадварын уралдаан явуулах гэнэ.