БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ 13 дахь удаагийн сонгуулийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганд хятадын өнцөг булан бүрээс ирсэн 3000 орчим депутат оролцож байгаа бөгөөд 10 өдрийн турш улсынхаа хөгжлийг тодорхойлох хамгийн чухал санал, шийдвэр мөн хэд хэдэн шинэ хуулийн төслийг хэлэлцэн батлах юм.
Энэ сарын 5-нд эхэлсэн чуулганы эхэнд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Засгийн газрын өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан илтгэл, 2019 онд хятадын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн зорилго, чиглэлийг танилцуулсн юм.
Тус улсын ДНБ-ий өсөлт 2019 онд 6-6.5 хувь хүрнэ хэмээн урьдчилан таамаглаж байгаа аж. Мөн энэ онд инфляцын түвшинг гурав орчим хувьд барьж, хотын бүс нутагт 11 сая гаруй ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөсөн байна. Түүнчлэн Хятадын хот суурин газрын ажилгүйдлийн түвшинг 5.5 хувьд хүргэх төлөвлөгөө тусгажээ.
Тайланд “Дээрх урьдчилсан таамаглалууд нь бодит байдалд тулгуурласан, хөгжлийн өндөр түвшинг хангах бидний зорилтыг илэрхийлнэ. Үүний зэрэгцээ эдгээр үзүүлэлт нь БНХАУ-ын хөгжлийн одоогийн байдлыг хэвээр хадгалж, хөгжин цэцэглэсэн нийгмийг цогцлоох зорилготой нийцнэ” гэж тэмдэглэжээ.
БХАТИХ-ын чуулган гуравдугаар сарын 15-нд өндөрлөж, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд уламжлалт хэвлэлийн бага хурлаа зохион байгуулах аж.
Жил бүрийн гуравдугаар сард БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал болон Улс төрөөр зөвлөлдөх зөвлөл (УТЗЗ)-ийн Бүх Хятадын Хорооны жил тутмын ээлжит хурал болдог. “Хоёр чуулган” хэмээн нэрлэдэг энэ хоёр их хурлын үеэр Хятад улс нэг жилийн хөгжлийнхөө төлөвлөгөөг хэлэлцэн баталдаг билээ.
Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын Хорооны жил тутмын ээлжит хурлын эхэнд тус зөвлөлийн дарга Ван Ян болон Арван гуравдугаар удаагийн Бүх Хятадын УТЗЗ-ийн Байнгын хорооны гишүүд өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа тавьжээ.
Энэ жилийн “хоёр чуулган”-аар хэлэлцэж буй Хятад улсын эдийн засаг, гадаад худалдааны салбартаа шинээр хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэл олон улсын анхаарлыг эрхгүй татаж байна.
Эх сурвалж: Xinhuа