УИХ, Монголбанк хамтран “Think Thank-Мөнгө санхүүгийн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнгөрсөн хугацаан дахь Мөнгөний бодлогын хэрэгжилт, санхүүгийн тогтвортой байдлын төлөө Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулсан юм.
Түүний хэлсэн үгэнд мөнгө, зээлийн зохистой өсөлтийг хангаснаар инфляци зорилтот түвшнээс бага буюу 7.3 хувьтай, харин эдийн засаг 6.9 хувиар өсч, сэргэлт эрчимжсэн. Монголбанкнаас эдийн засагт гарсан нааштай, эерэг нөхцөл байдалд тулгуурлан зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 2018 oны эцэст 16.9 хувь болж өмнөх онтой харьцуулахад 2.5 нэгж хувиар буурсан. Зээлийн хүүний бууралтын нөлөөгөөр банкуудын бизнесийн зориулалттай, төгрөгөөр олгосон зээл өнгөрсөн онуудтай харьцуулахад өндөр хувиар өссөн.
Энэ нь бизнес эрхлэгчдийн дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байр, үйлдвэрлэл өсөхөд чухал түлхэц болсон зэрэг эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтүүдийн талаар хэлсэн юм. Хэлэлцүүлэгт Монголбанкнаас мөнгөний бодлого, валютын захын нөхцөл байдал, хүүний тэнцвэрт байдлыг хэрхэн тодорхойлох, экспорт импортын эрэлт болон финтекийн хөгжил, эрх зүйн зохицуулалтын талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн эдийн засагч Р.Амаржаргал “Гадаадын банкны санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө, нэвтрүүлэхэд тохиолдох эрсдэлийг бууруулах арга зам” сэдвээр илтгэл тавьсан юм.
Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Б.Баттөмөр Монголбанкнаас хийгдэж байгаа судалгаа шинжилгээний ажлууд үр дүнтэй байгааг онцлоод харъяа яамд дэргэдээ суурь судалгааг өргөн хүрээнд хийж байх шаардлагатайг хэлэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (9)