“Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд эхэлж байна
Тус наадмын үеэр Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах, Мөсний шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнүүд болно. Мөн snowboard-ын УАШТ, цана, параглайдинг болон рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн, үндэсний урлагийн тоглолт, шувуулахуй болон махчин шувуудын танин мэдэхүйн хөтөлбөр, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдах юм байна. Өвлийн наадмын үеэр "Ulaanbaatar City Tour" буюу хотын аяллын автобусаар иргэдэд үнэгүй үйлчилнэ.
Тэмцээнд гадаад, дотоодыг тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорих бөгөөд ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-оос сур харваачид хүрэлцэн ирэх аж.
Арга хэмжээний үеэр ОХУ-ын “АИСТ” ТВ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Монгол Одон” телевизийн сурвалжлах баг хүрэлцэн ирж, Монголын үндэстний ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг хөрш хоёр оронд сурталчилах аж.