“Эрдэнэс Монгол” ХХК-иас сүүлийн өдрүүдэд гэнэт хэвлэлүүдээр “Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварын гол суурь болсон Оюутолгой ордын 34 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Оюутолгой” болон нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-ийн толгой аж ахуйн нэгжийн хувьд “Эрдэнэс Монгол” ХХК нь олон улсад өрсөлдөх чадвар бүхий хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч компани болохоор алсын хараагаа тодорхойлов. Товчхондоо, “Эрдэнэс Монгол” ХХК стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна уул уурхай дагасан дэд бүтцийн томоохон төслүүдийг эхлүүлж, хөрөнгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм” гэсэн үгтэй нийтлэлүүдийг түгээгээд эхлэв.
Тэд өөрсдийгөө “олон улсад өрсөлдөх чадвар бүхий хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч болохоор алсын хараагаа тодорхойлов” хэмээн тодорхойлжээ.
Байгуулагдаад 12 жил болсон компани шүү дээ, энэ “Эрдэнэс Монгол” чинь...
Энэ хугацаа хувийн компанид бол маш их. 12 жилд үхэх сэхэхээ үзчихээд өдийд бүр өндийгөөд, улсаа тэжээгээд, ядаж төрөөс хүчээр өгсөн “охин” компаниудаа “сайн айлын бэр” болгочихсон сууж байх хугацаа юм.
“Эрдэнэс Монгол” ХХК тэртээ 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.
Мэдэлд нь “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцаа байдаг.
Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж, Таван толгой -Гашуун сухайт чиглэлийн автозамын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг юм.
Яг үнэндээ мэдэлд нь байдаг “охин” компаниудад “Эрдэнэс Монгол”-ын хэрэг ер байхгүй. Нэмэр болохоосоо нэрмээс болох нь л их. Шат дамжлага, удирдлагын дарамтыг л өгдөг гэж байгаа.
Дээрээс нь “Эрдэнэс Монгол”-ын “охид”-ыг Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ, ТӨБЗГ гээд харж хандчих газар зөндөө бий.
Тэгэхээр “Эрдэнэс Монгол” ХХК бол зүгээр л нэг дарамтын дамжлага болдог гэсэн үг.
Нийтлэлийн эхэнд өгүүлсэн “Эрдэнэс Монгол”-ын түгээж буй нийтлэлд хэдэн “охид”-ынхоо хийж буй, хийх гэж байгаа ажлуудыг л бичсэн байгаа юм. Нөгөөдүүл нь энэ компанитай компанигүй тэрийгээ хийгээд л явна.
Шулуухан хэлэхэд “Эрдэнэс Монгол” ХХК-д “охид”-оо аваад явчих, IPO энэ тэр гээд гарамгай удирдлагын ажил хийчих боловсон хүчин ч хомс.
Захирлуудыг нь л харчих. Гүйцэтгэх захирал нь С.Баярын, нэг дэд захирал нь, нөгөө дэд захирал нь У.Хүрэлсүхийн, Сү.Батболдын, бас нэг дэд захирал нь М.Энхболдын “тамга”-тай хүмүүс бий.
Тэднээс дэлхийн хэмжээний шинэ соргог арга барил нэхээд нэмэр багатай. Иймэрхүү компанид, төрд ингэсгээд байсаар л ирсэн хүмүүс байдаг юм.
Түүнчлэн энэ компанийн боловсон хүчнийг ихэвчлэн улстөрчдийн захиалгаар бүрдүүлдэг гэж зарим хэвлэлд бичсэн байна. Энэ бас л факт.
Ийм ядарсан, зутарсан нөхдөд Асгатын мөнгөний ордыг хариуцуулна гэж өнгөрсөн оны сүүлчээр Засгийн газрын хуралдаанаар шийдсэн.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийг байгуулж, эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиглах хугацаатай үүргийг өгсөн гэх мэдээлэл ч хэвлэлүүдээр цацагдлаа.
Засгийн газар, түүний тэргүүн У.Хүрэлсүх том андуурч байна. Шуудхан л хэлье. “Эрдэнэс Монгол” ХХК бол энэ янзаараа Асгатын мөнгөний ордыг байтугай амиа авч явахад хэцүү байгаа.
Хийдэг, хариуцдаг ганцхан ажилтай. Тэр нь “Эм Си Эс”-ийн барьж өгсөн Таван толгой -Гашуун сухайт чиглэлийн автозамын ашиглалт, засвар үйлчилгээ юм. Тэр зам нь ч анхнаасаа тааруухан баригдсан. Муухай дээрээ улцан гэгчээр “Эрдэнэс Монгол” ХХК энэ замыг арчлах гэж баллана. Сайнгүй гэдгийг түмэн олон мэднэ дээ.
Явж явж энэ замын ашиглалт, арчилгаа гээд хэдэн төгрөгийн эргэлт л “Эрдэнэс Монгол” ХХК-ийг авч явдаг гэхэд хилсдэхгүй. Ядаж байхад компанийн удирдлагад байдаг брэндээр гоёсон, ганган эр үүнийг нааш нь цааш нь болгож будлиулдаг гэх мэдээлэл Төрийн ордноор тараад удаж байгаа.
“Эрдэнэс Монгол” ХХК гэж ийм л газар байдаг юм.
Чухамдаа “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет менежмент” ХХК зэрэг “Охид”-оороо л гоёдог “Эрдэнэс Монгол”-ын хэрэг энэ улсад байхгүй шүү?!
С.Нацагтовуу
Сэтгэгдэл (21)