Улстөрчдөөс эхлээд төрийн өндөр албан тушаалтан, бизнесмэнүүд өвөр түрүүндээ оролцсноо гайхаж, эрх мэдэл албан тушаалаа булаацалдсан зодооны дунд гурван ч банк хавчуулагдаад авав. Эхнийх нь дуулианы гол эзнээр тодроод буй “Алтан дорнод Монгол” компанийн Т.Ганболд, УЕП асан Д.Дорлигжав нарын хоорондох гүйлгээг дур мэдэж, нэгээс нөгөөд шилжүүлсэн гэх хардлагад өртөөд буй “Голомт” банк. Тус банкны хувьд найдаж болохгүй банкны хар жагсаалтад нэгэнт багтсан гэхэд болно. Үүнийг нь ч дээрх эрхмүүд амнаасаа унагасан.
Тэгвэл хар жагсаалтад багтах дараагийн нэрсээр “алдарт” Хөгжлийн банк болон “Богд” банк тодроод байна. Хөгжлийн банктай нэр холбогдсон эрхмүүдийн хэрэг өнөөг хүртэл шийдэгдэлгүй прокурорт гацсан энэ цаг үед хавтаст хэргээ дахин нэгээр нэмүүлэх үндэслэл бүрдчих шиг боллоо. Учир юу гэвэл, Монголын банк санхүүгийн отгон гишүүн болох “Богд” банктай дөрөө харшуулахдаа хуульд нийцээгүй хууль бус үйлдэл гаргасан бололтой юм.
Тодруулбал, “Богд” банк нь Хөгжлийн банктай 2017 оны долдугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээгээр найман сая ам.доллар буюу одоогийн ханшаар 21 тэрбум төгрөгийг өөрийн харилцах дансандаа байршуулсныг нотлох баримт байдаг юм байна. Хэрэв зээ, дээрх баримт бичиг үнэн байх агаад “Богд” банк Хөгжлийн банкыг 21 тэрбум төгрөгөөр тархидсан нь нотлогдвол дампуурсан банкны жагсаалтыг нэгээр нэмэх эрсдэлтэй юм.
Товчхоноор хэлбэл, Засгийн газраас уг мөнгийг эргүүлэн татах шийдвэр гаргавал “Богд” банкны актив хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Нэгэнт актив нь хүрэлцэхгүй юм чинь хаалгаа барьж таарна. Ингэхээр “Богд” банкныхан хуулийнханд богтлуулах эсэх нь цаг хугацааны л асуудал болж үлдэж байх шиг байна.
Сэтгэгдэл (12)