Өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас ирэх тавдугаар сараас Улаанбаатар хотыг Тавантолгойн сайн чанарын сайжруулсан түлш хангахаар төлөвлөснөө танилцууллаа. Засгийн газрын тогтоолоор ирэх тавдугаар сарын 1-нээс нийслэлд түүхий нүүрс ашиглахыг хориглосон. Энэ хүрээнд Тавантолгойн сайжруулсан нүүрсээр хангах бөгөөд уг нүүрс Налайх, Багануурын уурхайн нүүрстэй харьцуулахад үнслэг бага, илчлэг өндөр юм байна. Мөн химийн хорт хавдар үүсгэдэг бодис бага гэдгийг албаны хүмүүс онцолж буй. Багануур, Налайхын уурхайн нүүрс нь 37 хүртэлх хувийн үнслэг үлдээдэг бол Тавантолгойн нүүр долоо хүртэлх хувийн үнслэг үлдээдэг байна. Өөрөөр хэлбэл, үнс бага үлдэнэ гэдэг нь бүрэн шаталт явагдаж байгаагийн илрэл учраас агаарын бохирдол тэр хэмжээгээр буурах аж. Энэ талаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Одоогоор 300 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж байна. Удахгүй хоёр шугам нэмэгдэхээр төлөвлөсөн. Ингэхээр нийт 700 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх боломжтой болно. Нийслэлийн гэр хороололд 1.2 сая тонн нүүрс хэрэглэдэг. Дээрх 720 мянган тонн сайжруулсан түлшийг тасралтгүй 24 цагийн үйлдвэрлэл явуулж байж нийлүүлэх боломжтой. Одоо бол агуулахдаа нөөц бүрдүүлэхээс аргагүй байна. Харин тавдугаар сарын 15-наас хойш түүхий нүүрс нийлүүлэхээ болино. Үүний тулд бид нөөцөө хангалттай авах хэрэгтэй. Мөн Тавантолгойн сайжруулсан түлш хямд үнээр худалдаалагдана” гэлээ.
Б.Лхам