Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Зандашатар сайд, салбарын яам, хариуцсан агентлагийнхан болон тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгуулсан тухай мэдээллийг орон нутгаас авлаа. Тус аймгийн Гурвансайхан суманд байдаг мөнгөний уурхай болох Зүүн болон Салхитын ордыг 2043 он 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна. Уг ордын тусгай зөвшөөрлийг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани эзэмшдэг байжээ. Тэд Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн, авилга хээл хахуулийн хэрэгт орооцолдсон гэх асуудлаар шүүх дээр маргаантай байгаа аж.
Энэ нь ТЕГ-аас шалгагдаж буй алдарт 1,3 сая долларын хахуулын мөнгөний хэрэгтэй ч холбоотой байж болзошгүй юм байна. Улаанбаатарын баруун дөрвөн замд байрлах "Голомт" хотхонд өнгөрсөн намар Монголын тагнуулынхан гүйцэтгэх ажиллагаа явуулж, хятад иргэдийг баривчилсан гэх мэдээлэл өгч байсан билээ.
Салхитын мөнгөний ордын батлагдсан мөнгөний нөөц нь 770 мянган тонн. Мөн алт, газрын ховор метальтай. Эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн тус компани 154 мянган тонн хүдэр экспортонд гарах гэж байхад нь зогсоосон байна. Нийтдээ 200-аад метрийн гүн ухах уурхай одоогоор 60 гаруй метр гүн ухжээ. Ийнхүү Монголын хуулийг зөрчиж байсан гадаадын компаниудын үйл ажиллагааг Засгийн газрын зүгээс зогсоож, тусгай зөвшөөрлүүдийг нь цуцалж улсын мэдэлд авсан байна. Орон нутгийн удирдлагууд уг компанийн үйл ажиллагааг шалгаж чаддаггүй байсан талаараа тусгай ажиллагаа явуулах үеэр хэлсэн байна.
Сэтгэгдэл (38)