Гадаадын иргэн, харьяатын газраас авсан зарим тоо судалгаануудаас хүргэе.
Энэ онд 24208 визийн зөвшөөрөл, 27917 виз, 384 иргэнд хувийн хэргээр зорчих урилга олгожээ. Мөн 15367 гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгож, 25399 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 14947 иргэний бүртгэлд хасалт хийсэн бөгөөд ангилал нь өөрчлөгдсөн 397 гадаадын иргэний визийн ангиллыг сольсон байна. Мөн Монгол Улсад оршин суух үнэмлэх 25436 ширхгийг шинээр хэвлэн, 16925 ширхэг үнэмлэхийн хүчинтэй хугацааг сунгажээ.
Харин Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гурван улсын 13 иргэн, харьяалалгүй 8 хүний нийт 21 хүсэлтийг шинээр хүлээн авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2 удаагийн зарлигаар 2 улсын 3 иргэн Монгол Улсын харьяат болсон байна. Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаадын иргэдээс тус байгууллагаас хуулийн болон ёс уламжлал, зан төлөвийн шалгалт авдаг байна. Тус шалгалт нь Монгол Улсын жирийн нэг иргэн өгсөн ч унаж мэдэхээр хүнд шалгалт гэдгийг удирдлагууд ярьж байлаа.
Монгол Улсын харьяатаас гарч гадаадын 11 улсын харьяат болох хүсэлт гаргасан 270 иргэний хүсэлтийг шинээр хүлээн авч, 235 иргэний хүсэлтэд холбогдох газраас санал авах ажиллагааг хийсэн байна.
Мөн Монгол Улсын харьяат 3 хүүхдийг холбогдох журмын дагуу үрчлүүлж, үрчлэлтийн дараа хяналт тавих 3 талт гэрээг байгуулсан. Байгууллагын удирдлага Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын урилгаар “Олон Улсын Төлөөлөгчдийн Манлайллын Хөтөлбөр”-ийн хүүхэд үрчлэлтийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах айлчлалд оролцон, тус улсын гэр бүлд үрчлүүлсэн Монгол Улсын харьяат 24 хүүхдийн аж амьдралтай биечлэн танилцаад иржээ.
Энэ онд 254 удаагийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулж, 972 аж ахуйн нэгж, байгууллага, 8105 гадаадын иргэнийг хамруулсан ба 1882 гадаадын иргэн, 1115 аж ахуйн нэгж, байгууллага, 40 уригч иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан байна. Түүнчлэн 28 улсын 529 иргэн, харьяалалгүй 2 хүнийг тус улсаас албадан гаргаж, 10 улсын 43 иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлж, 14 улсын 75 иргэний хилээр нэвтрэх эрхийг сэргээсэн аж.
Гадаадын иргэн харьяатын газрыг Дотоодын цэрэг хамгаална.
Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар байгууллагын төв байрыг “Дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалт”-д багтаан батлууллаа. Улмаар ирэх 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс Гадаадын иргэн харьяатын газрыг дотоодын цэрэг хамгаалалтдаа авахаар болжээ.
Тус байгууллага Дундговь, Говь-Сүмбэр, Завхан, Баянхонгор аймаг, Дорноговь аймгийн Сайншанд дахь төлөөллөө нэгдсэн сүлжээндээ холбосон байна.
Мөн хилийн боомтод гарч буй онцлог нөхцөл байдал, байгууллагын нууцтай холбоотой мэдээ мэдээлэл болон бусад асуудлыг байгууллагын төвд яаралтай мэдэгдэж, чиглэл авах боломж нөхцөлийг хангах зорилгоор сансрын холбооны суурин утсыг Боомт орон нутгийн хэлтэс болон алслагдсан хилийн 15 боомтод суурилуулжээ.
Л.Сайнбаяр