Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар БНХАУ-ын Хайнань мужийн улс төрийн зөвлөлдөх хорооны дэд дарга Ван Юун хүлээн авч уулзлаа.
Хайнань муж нь 8 сая хүн амтай бөгөөд 70 хувь нь газар тариалан эрхэлж, аж амьдралаа залгуулдаг. Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, улаанбуудайгаар дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадаадад экспортлохыг зорьдог. Жимс жимсгэнээс манга, амтат гуа, хүнсний ногооноос хаш, өргөст хэмх, улаан лооль тариалалтаар тэргүүлдэг учраас Бээжин, Шанхай, Тяньжин зэрэг улсынх нь томоохон хотууд тус мужаас худалдан авдаг байна. Мал аж ахуйн үйлдвэрлэл нь мужийн эдийн засгийн маш бага хувийг эзэлдэг, мал малладаг хүн цөөхөн. Жилдээ Хайнань мужид 67 сая жуулчин зорчдог учраас хүнсний бүтээгдэхүүн борлуулах зах зээл гэж хэлж болно.
Тиймээс Монгол Улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарч ажиллах чиглэлээ тохирох, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой байгаагаа Хайнань мужийн улс төрийн зөвлөлдөх хорооны дэд дарга Ван Юун илэрхийллээ.
ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар хөдөө аж ахуйн гаралтай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг Хайнань мужийн зах зээлд нэвтрүүлэх, салбарын боловсон хүчнийг чадавхжуулах хүрээнд богино, дунд хугацааны сургалтад хамруулах, туршлага судлах, чанар, аюулгүй байдал нь баталгаажсан жимс жимсгэнэ оруулж ирэх зэрэг санал дэвшүүлсэн бөгөөд мах, махан бүтээгдэхүүнийг зорилтот зах зээлд тодорхой хэмжээгээр нийлүүлэх боломжтой гэв.
Талууд Хайнань мужид зохион байгуулдаг олон улсын хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнд Монголын аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийг оролцуулах тал дээр санал нэгдэж, хамтран ажиллах хүсэлтэй байгаа тодорхой саналуудаа харилцан албан хүргүүлж, хэрэгжилтийг ханган ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл (2)