Монголбанк, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Төрийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн Дүнжингарав салбарт боллоо.
Монголбанкнаас олон нийт төрийн үйлчилгээний болоод банк, санхүүгийн байгууллагын аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг эрх тэгш, элдэв хүндрэл чирэгдэлгүй, хүртээмжтэйгээр авдаг байх боломжийг бүрдүүлэх үүднээс финтекийн хөгжлийг дэмжиж, бэлэн бус төлбөрийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.
Тухайлбал, төлбөрийн системийг хөгжүүлэх ажлын хүрээнд Монголбанкнаас “Төлбөрийн системийн тухай хууль”-ийг батлуулж, энэ оноос мөрдөж эхэлсэн явдал юм. Тус хууль батлагдсанаар Монголбанк үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих бүрэн эрхтэй болжээ.
Энэ хүрээнд “Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах” ажлыг эхлүүлж, үүнд нийцүүлэн хууль эрх зүйн орчны зохицуулалтыг ч бий болгож, өөрийн системд програм хангамжийн хөгжүүлэлтийг хийж, төрийн үйлчилгээний төлбөр тооцоог дамжуулан гүйцэтгэх дэд бүтцийг бий болгосон байна.
Ингэснээр, иргэд Нийслэлийн цахим үйлчилгээний “Eservice” порталаар дамжуулан, мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд байрших ПОС төхөөрөмж ашиглан төрийн үйлчилгээний аливаа төлбөрийг шууд төлөх боломжтой болжээ. Тодруулбал, иргэд банкинд очихгүйгээр, аль ч банкны карт ашиглан давхар зардал, чирэгдэлгүйгээр төрийн үйлчилгээг авах юм. Төрийн үйлчилгээ авч буй иргэний төлбөр тооцоо нь Монголбанкны “Үндэсний цахим гүйлгээний төв”-ийн системээр дамжин боловсруулагдаж, тухайн агшин бүрд харилцагчийн гүйлгээ баталгаажиж, гүйлгээ нь бодит цагийн горимоор хийгдэх давуу талтай юм. Энэхүү ажлыг эхлүүлснээр, төрийн үйлчилгээг “Нэг цэг”-ээс авах боломж бүрэн утгаараа хэрэгжиж, Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажлын үндэс суурь болж байна.
Сэтгэгдэл (1)