Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад хэрхэн нөлөөлж байгаа тухай “Цэнхэр алт” баримтат киноны нээлтийг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Уг баримтат киногоор уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар ус болоод амьдралын хэв маяг, ялангуяа малчдын амьдралд хэрхэн нөлөөлж байгаа тухай болон агаарын бохирдлын хор уршгийн талаар харуулах аж.
Баримтат киноны нээлтийн дараа болсон хэлэлцүүлгийн үеэр хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, хувийн хэвшил болон академичид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, усны хомсдолыг шийдвэрлэхэд Засгийн газар, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл зэрэг хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар санал солилцжээ.
“Цэнхэр алт” баримтат киноны нээлтийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Нью-Йорк хотноо НҮБ-ын Төв байранд 2018 оны есдүгээр сарын 27-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы үеэр мөн зохион байгуулсан юм.