Хүнсний аюулгүй байдлын экспорт-импортын хамтын ажиллагааны Монгол Улс, БНХАУ-ын хооронд 2009 онд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд хоёр жил тутам болдог Дэд сайд нарын түвшний ажлын хэсгийн дөрөвдүгээр уулзалт Бээжин хотноо боллоо. Уулзалтыг Монгол Улсын талаас ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Хятадын талаас Гаалийн ерөнхий газрын Дэд сайд Ли Гуо нар даргалав.
Энэ удаагийн хуралдаан нь хоёр талын байгууллагад бүтэц, зохин байгуулалтын өөрчлөлт хийсний дараа болж байгаагаараа онцлогтой юм байна. БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн газрын чиг үүрэг нь Гаалийн ерөнхий газарт шилжсэн бол манай улсын хувьд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлсний үндсэн дээр мал эмнэлгийн хорио цээрийн зарим чиг үүрэг Мал эмнэлгийн ерөнхий газарт оногдоод байна.
Гурван өдөр үргэлжилсэн хуралдааны явцад дээр дурдсан бүтцийн өөрчлөлтийн талаар харилцан тодорхой мэдээлэл солилцсон бөгөөд Монгол Улсаас тус улсад тосны ургамал, арвай, үр тариа, үүнээс улаанбуудайг экспортлоход автомашинаар тээвэрлэх, хилийн боомтын тоог нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцжээ. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн, адууны дайвар бүтээгдэхүүн, хөх тариа болон буудайн төрлийн бүтээгдэхүүн экспортлох үеийн хорио цээрийн нөхцөлийг тохирох ажлын хүрээнд 2019 онд БНХАУ-ын эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсэг манай улсад ирж ажиллахаар тохиролцсон байна.
Мөн цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн асуудлуудаа протоколд тэмдэглүүлэн, гарын үсэг зурж албажуулжээ.