Эрүүл мэндийн яамнаас мэргэжлийн баг Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд ажиллаж байна.
Энд 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг бөгөөд эдгээр жолооч нар, суурин амьдардаг хоёр мянган иргэн, энд ажилладаг цагдаа, мэргэжлийн хяналт гээд төрийн албан хаагчдадаа урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байгаа юм.
УНТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн 36 эмч, мэргэжилтэн, аймгийн эрүүл мэндийн байгууллагын 16 ажилтан хамтран 7 хоногийн турш ажиллаж, 20 чиглэлээр үзлэг, 10 гаруй шинжилгээ хийнэ. Мөн шаардлагатай эмчилгээ хийж, эмчийн заавраар эм тариа ч өгөх юм байна.
Зардлыг Засгийн газрын хуралдааны шийдвэрээр "Эрдэнэс Монгол" ХХК хариуцаж байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Зам тээврийн яамнаас жолооч нар болон хөдөлгөөнт хүн амд үйлчлэх цогцолбор барьж байна, тус цогцолборт эрүүл мэндийн байнгын ажиллагаатай төв бий болно гэдгийг онцолсон байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам