Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн болон харьяа нэгжүүд долоо хоног “Мэдээллийн цаг”-ийг зохион байгуулдаг. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газраас 48th SGATAR Annual Meeting буюу Азийн орнуудын татварын удирдлага болон судалгааны асуудлаар суралцах бүлгэмийн 48 дугаар жилийн уулзалтын талаар товч мэдээлэл хийлээ.
SGATAR-ийн 48 дугаар жилийн уулзалтыг энэ оны арваннэгдүгээр сарын 13-аас 15-ны өдрүүдэд БНХАУ-ын Улсын татварын албанаас Ханжоу хотод зохион байгуулсан байна. Уулзалтад 16 гишүүн орны төлөөлөгч оролцож, Татварын албадын үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар туршлага солилцжээ. Монголын татварын албаны хувьд 2010 онд 40 дэх гишүүнээр элссэн бөгөөд жил бүр уулзалтад оролцдог юм. Энэ удаагийн уулзалтад ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал тэргүүтэй баг явсан бөгөөд багийн бүрэлдэхүүнд ТЕГ-ын ТУХАГ-ын дарга Ц.Энхжавхлан, Ажлын хэсгийн хурлын илтгэгч Б.Ариунчимэг, Х.Сувд-Эрдэнэ, Ч.Октябрь, Баримт бичгийн төсөл боловсруулах хорооны гишүүн Ч.Эрдэнэчимэг, урлагийн үзүүлбэрт Ж.Амарбаясгалан Э.Хулан нар оролцжээ.
ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал Төлөөлөгчдийн тэргүүнүүдийн уулзалтад “Татварын хуулийн шинэчлэл”, ТУНС нэвтрүүлэлт, BEPS & Global Forum гишүүнчлэлийн амлалтын талаар илтгэл тавьсан бөгөөд төлөөлөгчдийн тэргүүнүүд Татварын шинэчлэл, ололт амжилтууд, BRITACOM буюу Бүс ба Зам санаачилгын хүрээн дэх Татварын албадын хамтын ажиллагааны механизм, “Дэлхийн Банк”, “Бизнес эрхлэх нь 2019 тайлан”, “Чадавхи бэхжүүлэх” зэрэг сэдвийг онцлон хэлэлцжээ.
Түүнчлэн нэгдүгээр ажлын хэсэг “BEPS төслийн хэрэгжүүлэлт” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд ТУХАГ-ын ТУБ Б.Ариунчимэг “BEPS-ийн хэрэгжүүлэлт” сэдвээр илтгэл тавьжээ. Нэгдүгээр ажлын хэсгээс Үнэ шилжилтийн баримтжуулалтыг боломжтой байдлаар хэрэгжүүлэх замаар татварын албаны ил тод байдлыг нэмэгдүүлэх, хэрэгжүүлэх зардлыг анхаарах, Татварын албаны удирдлагын чадавхийг бодох, BEPS үйл ажиллагаа 14-ийг хэрэгжүүлэх замаар татварын маргаан шийдвэрлэлтийн үр дүн, үр ашгийг дээшлүүлэх, Татвар төлөгчид ойлгомжтой, тохиромжтой арга хэрэглэх, Маргаанаас урьдчилан сэргийлэх зэрэг зөвлөмжийг гаргажээ.
Харин хоёрдугаар ажлын хэсэгт ТУХАГ-ын ТУБ Х.Сувд-Эрдэнэ өөрийн улсын “Тайлагналын нийтлэг стандартын хэрэгжүүлэлт” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна. Хоёрдугаар ажлын хэсэг Санхүүгийн байгууллагуудын стандартын ойлголт, Технологийн системийн хөгжүүлэлт, СБ-ууд стандартын хэрэгжилтийг хангаж байгаа эсэх-хяналтын тогтолцоо зэрэг тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцээд Австрали улсын хэрэгжүүлж буй сайн туршлагыг онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн тус ажлын хэсгээс Татварын алба болон Санхүүгийн байгууллагуудтай нягт хамтын ажиллагааг бий болгох, тусгайлсан сургалт явуулах, мэдээллийн нууцлалыг хадгалах талаар зөвлөмж гаргажээ.
Гуравдугаар ажлын хэсэгт ХХХГ-ын ТУБ Ч.Октябрь “Татварын мэргэшсэн үйлчилгээг үзүүлэгч этгээдүүдийн үүрэг” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд улс, орнуудын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хэрхэн ажилладаг, татвар төлөгчдөд ямар үйлчилгээг үзүүлдэг талаар сонирхолтой мэдээллийг өглөө.
Мөн энэ үеэр Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал БНХАУ-ын Улсын татварын албаны дэд дарга Сүн Рубиаотай хоёр талын албан уулзалт хийж, БНХАУ-ын Бүс ба Зам санаачилгад оролцогч улсуудын татварын албадын хамтын ажиллагааны механизм буюу BRITACOM-д гишүүнээр элсэх болон МТА-ны албан хаагчдыг БНХАУ-ын Янжоу хот дах ЭЗХАХБ-ын сургалтын төвөөс зохион байгуулдаг сургалтанд олноор хамруулах 2 талын саналыг хэлэлцжээ.
Дашрамд дурьдахад, 48th SGATAR Annual Meeting буюу Азийн орнуудын татварын удирдлага болон судалгааны асуудлаар суралцах бүлгэмийн 48 дугаар жилийн уулзалтад оролцож буй гишүүн орнууд өөрийн орны онцлог, ёс заншлыг харуулсан урлагийн тоглолт сонирхуулдаг байна. Энэхүү тоглолтод Монголын татварын албыг төлөөлж, Дорноговь аймгийн ТХ-ийн ТУБ Ж.Амарбаясгалан, Чингэлтэй дүүргийн ТХ-ийн ОТБ Э.Хулан нар “Жороон жороо” бүжгээ сонирхуулжээ.