Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Жилийн инфляци 2018 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувьтай байна. Нийлүүлэлтийн шалтгаанаар мах, шатахуун, хатуу түлш зэрэг барааны үнэ өссөн нь инфляцид голлон нөлөөлөв. Цалин болон дотоод эрэлтийн өсөлтөөр дамжин эрэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн инфляцид үзүүлэх нөлөө ирэх онд нэмэгдэхээр байна.
Эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэж буй хандлага ирэх онд хадгалагдахаар байна. Хэдийгээр гадаад орчны тодорхой бус байдал үргэлжилж байгаа боловч энэ оны эхний 11 сарын байдлаар худалдааны тэнцэл ашигтай, төлбөрийн тэнцлийн алдагдал бага байгаа нь төгрөгийн ханш тогтворжих суурь болж байна. Мөнгөний бодлогын хороо инфляцид нөлөөлж буй хүчин зүйлс, тэдгээрийн цаашдын төлөв, бизнесийн идэвхжилийг харгалзан бодлогын хүүг энэ удаад хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзэв.
Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилттой нийцтэй бөгөөд макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна.
Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.
Эх сурвалж:Монголбанк