Санхүүгийн зохицуулах хороо анхны урт хугацааны хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнийг бүртгэлээ.
Тодруулбал, Монгол Улсад өнөөдрийн байдлаар урт хугацааны буюу амьдралын даатгалын компани болох “Нэйшнл лайф даатгал” ХХК нь анхны хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнээ гаргаж буй аж. Тус компанийн “Хавдрын хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүн” нь хувь хүн, гэр бүл болон байгууллага, хамт олныг гэрээнд заасан хугацааны турш хорт хавдрын даатгалын хамгаалалтаар хангах, даатгалын тохиолдол болсон нөхцөлд даатгуулагчид гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу даатгалын нөхөн төлбөр олгох зорилготой юм.
Олон нийтэд зориулсан, худалдан авахад хялбар, боломжийн үнэтэй, нөхөн төлбөрийг шуурхай олгодог тусгайлсан даатгалын бүтээгдэхүүнийг “хүртээмжтэй даатгал” гэдэг. “Нэйшнл лайф даатгал” ХХК дээрх бүтээгдэхүүнээ бүртгүүлснээр Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй энэ төрлийн бүтээгдэхүүний тоо 10 болж байгаа аж.
Б.Лхам