Стандарт, хэмжил зүйн газар, Монголбанк болон Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, ил тод болгох, алтны худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор Дархан-Уул аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулж 2018 оны 10 сарын 15-ны өдөр нээлтээ хийлээ.
Монгол Улсын Засгийн газраас зарласан “Алт-2” үндэсний хөтөлбөр, Монголбанкны “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян болон Тогтвортой бичил уурхай төслийн үйл ажиллагааны хүрээнд нээгдэж буй уг нэг цэг үйлчилгээний төвд 395 сая төгрөгийн өртөг бүхий алт, үнэт металлын сорьц тогтоох сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг Монголбанк, Тогтвортой бичил уурхай төслөөс хандивлаж байгаа юм.
Алт олборлогч аж ахуйн нэгж болон бичил уурхайчид олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банканд тушаахын өмнө албан ёсны байгууллагаар сорьц тогтоолгох шаардлагатай байдаг. Алтны олборлолт төвлөрсөн бүс нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвийг нээснээр алт олборлогчдод алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдах, тээврийн зардал болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарах төдийгүй, аюулгүй байдлын баталгаа бий болох юм. Улмаар алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасаж, алтны худалдааны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах тогтолцоог бүрдүүлснээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэж байна.
Цаашид ийм төвүүдийн тоог нэмэгдүүлснээр алтны албан бус худалдааг бууруулах, Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдүүлэх гол ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (1)