Монголын улс төрд ёс суртахууны хэм хэмжээ нэгэнт алдагдсан. Мартагдсан. Одоо бол хуулийн өмнөх хариуцлагын тухай л ярих боломжтой.
Ийм цаг үе ойртох тусам Монголын улс төр, нийгэм, эдийн засгийг ийм болтол дордуулсан улстөрчид, албан тушаалтнууд хариуцлагаас мултрахаар зүтгэж эхэллээ.
Тэдний нэг, сонгодог жишээ нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан юм.
Тэр хүн насаараа улстөрч явсан. Харин Монголбанк шиг Монголын “зүрх”-ийг авч явж үзээгүй байсан юм.
2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсны гайгаар Монголбанк мэтийн улсын чухал албыг улстөрчдөөр удирдуулах болсон. Шуудхан хэлэхэд, Н.Баяртсайхан ямар нэг цензур, шалгалтгүйгээр Монголбанкны ерөнхийлөгч болсон байдаг.
Энэ УИХ-ын анхдугаар чуулган 2016 оны долдугаар сарын 20-нд болж байв. Тэр өдөр УИХ-ын гишүүдийн 95.1 хувийн саналаар Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилж байлаа.
Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгч болдог өдөр ам.доллар 2 037.51 төгрөг, евро 2 238.61 төгрөг, юань 304.66 төгрөг, рубль 32.13 төгрөг байв.
Харин өчигдөр /2018.12.9./-ийн хаалтын ханшаар ам.доллар 2 634.50 төгрөг, евро 2 995.82 төгрөг, юань 382.72 төгрөг, рубль 39.41 төгрөг болтлоо өсчээ.
Мөн Н.Баяртсайхан ажлаа аваад хэдхэн хоногийн дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Төв банкинд гадаад валютын цэвэр нөөц байхгүй болсон. Өнөөдрийн байдлаар Монголбанкны нэг сарын хоцрогдолтой гаргадаг статистик мэдээллээр 1.2 тэрбум ам.долларын цэвэр нөөц бүртгэгдсэн байна. Гэхдээ Монголбанк Хятадын ардын банктай нийт 1.6 тэрбум ам.долларын юань, төгрөгийн своп хэлцэл хийсэн дүнг тооцвол өнөөдөр манай улсын гадаад валютын цэвэр нөөц хасах 429 сая ам.доллартай тэнцэж байна” гэдгийг мэдэгдсэн. Энэ бол цэвэр улстөрчийн амнаас гарах хий хэмээн учир мэдэх улстөрчид тэр үед шүүмжилж байсан. Шууд утгаараа “Н.Баяртсайханыг Монгобанкны ерөнхийлөгчөөр томилсон эрх баригчдын сонголт эргэлзээтэй байна шүү” гэдгийг тэр үед сануулж байсан хэрэг.
Гэвч тэр бүтэн хоёр жил гаруй Монголбанкийг тэргүүлж гадаад валютын ханшийг барьж чадахгүй алдав. Тэр хэрээр Монголын эдийн засагт уналт ирсэн нь тов тодорхой юм.
Харин өнөөдөр тэр үүндээ харамсах битгий хэл “Би хамаагүй шүү” гэсэн мэдэгдлийг хийжээ.
Тэрээр хэвлэлүүдэд гаргасан мэдэгдэлдээ “Сүүлийн сар гаруй хугацаанд бий болсон төгрөгийн ханшийн савлагаа нь нэгд, нүүрсний экспорт саатсан; хоёрт, улс төрийн тогтворгүй байдлаас үүдэлтэй тодорхой бус байдал нэмэгдэж, итгэл суларсантай холбоотой. Тухайлбал, БНХАУ-ын талаас манай улсаас худалдаж авах нүүрсээ 11 дүгээр сарын дунд үеэс эхлэн хязгаарласан нь валютын урсгалд сөргөөр нөлөөллөө” гэв.
Бас “Зах зээл дээр үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор Монголбанк 11 дүгээр сарын эхнээс 400 гаруй сая ам.долларыг валютын захад интервенц хэлбэрээр нийлүүлсэн боловч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш үргэлжлэн суларсан нь зах зээлд оролцогчдын хүлээлт, зан төлөв өөрчлөгдөж спекцуляци эрэлт нэмэгдсэнтэй холбоотой байлаа” гэлээ.
Энэ бол улстөрч хүнээс л гарах үйлдэл юм. Тиймээс Н.Баяртсайханыг цаг алдалгүй Монголбакны ерөнхийлөгчийн албан тушаалаас буулгаж, оронд нь энэ ажлыг хийж чадах боловсрол мэдлэг бүхий өчнөөн зуун залуусаасаа сонголт хийж, томилох шаардлагатай юм. Эс тэгвээс Н.Баяртсайхан Монголбанкны ерөнхийлөгч шиг ажиллаагүйнхээ хариуцлагаас улстөрчийн аргаар мултрахаар арга саам эрээд эхэллээ.
Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир
Сэтгэгдэл (8)