Эх орныхоо ууган телевизийн урдхан байрлах “Black Box” театрт саатлаа.
Өнөөдөр Үндэсний Брэндийн Бодлогын зөвлөлөөс зохион байгуулж буй “Дува” богино хэмжээний кино наадмын шагнал гардуулах өдөр юм.
Театрт Английн домогт “Beatles” хамтлагийн “Yesterday” дуу эгшиглэнэ. Бүдэг гэрлийн дор Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн дарс шимэн суух нь зохицолтой.
Үзвэрийн танхимд нэлээдгүй хүмүүс цуглажээ. Тэдний догдлол илтхэн. Төд удалгүй кино наадмын шүүгч сэтгүүлч Г.Золжаргал, нэрт зохиолч, яруу найрагч Д.Урианхай нар хүрэлцэн ирлээ.
Тус наадам нь энэ жил анх удаагаа зохион байгуулагдаж буй аж. Өдгөө 15 баг мэдүүлгээ өгснөөс найман баг бүтээлээ ирүүлсэн байна. Харин тус найман багийн бүтээлээс шүүгчид гурван шилдэг бүтээлийг шалгаруулж, шагнах юм.
Манай Монголын залуучууд сүүлийн үед итгэл сэтгэл, эв санаагаа нэгтгэн хамтаараа кино урлаг, тэр дундаа богино хэмжээний кино урлагт хөл тавьцгаах болсон нь олзуурхууштай.
“Дува” богино хэмжээний кино наадам нь “Нийгмийн сайн сайхны төлөө” уриатайгаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлог.
Тус наадмыг дэнслэх шүүгчдийн бүрэлдэхүүнд Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, нэрт сэтгүүлч Г.Золжаргал, Алдарт зохиолч, яруу найрагч Д.Урианхай,”Black Box” театрын эзэн С.Мягмар, Үндэсний брэндийн зөвлөлийн ажлын албаны судлаач Э.Одгэрэл нар багтжээ.
Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн “Би энэ наадмыг их олзуурхаж байгаа. Үндэсний Брэндийн Бодлогын зөвлөлийнхөнд баярлаж байна. Монголын кино урлаг сүүлийн 20, 30-аад жил ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Залуу уран бүтээлчдийг төрүүлж гаргах арга хэмжээнүүд бидэнд их шаардлагатай байдаг. Гэхдээ олон тийм арга хэмжээнүүд бий. Алтан хальс, 48 цаг кино наадам гэх мэтчилэн. Харин энэ кино наадмыг харахад Монголын 21 дүгээр зууны кино урлагийг авч явах залуучуудын өнгө төрхийг тодорхойлсон үзэгдэл болж байна гэж харлаа. Харин энэ залуучууд маань хоорондоо эвлэлдэн нэгдэж бүтээл хийвэл их сайхан бүтээл төрөх байх. Нэг багт нь сайн найруулагч, нөгөө багт нь сайн жүжигчин, зохиолч байх жишээний. Энэ наадам цаашдаа улам өргөжин тэлэх нь ойлгомжтой” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Ингээд удалгүй богино хэмжээний кино наадмын шагнал гардуулах үйл ажиллагаа эхэллээ.
Шагнал гардуулхын өмнө тэмцээнд ирүүлсэн нийт найман багийн бүтээлийг товчхон үзэж танилцсан юм.
Улмаар наадмын шилдэг гурван бүтээлийн эхний бүтээлийг “Монгал” фильм “Амьдрах сайхан” бүтээлээрээ хүртсэн юм.
Уг бүтээлийг өнгөрсөн жилийн “Болор цом”-ын хоёрдугаар байрын шагналт яруу найрагч Х.Нямхишигийн “Манайх загасчин айл” шүлэгнээс санаа авсан байлаа. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, эгэл жирийн загасчин айлын энгийн дүр дүрслэл, өгүүлэмжээр бүтжээ.
Аав загас барьдаг
Ээж загас шардаг
Би загас зардаг
Дүү загас зурдаг
Манайх загасчин айл
Нээрээ л би бурханыг алтан загас гэж боддог
Нэг л өдөр түүнийг аав минь барина даа гэж боддог
Манайх загасчин... гэх гайхалтай шүлэгнээс сэдэвлэсэн тус бүтээл үзэгчдийн сэтгэлд хүрсэн нь илт байлаа. Яруу найрагч уг шүлгээ тэрлэх болсон түүх нь сайхан. Учирлаваас Туулын гүүрэн дээр “Ах аа, загас аваарай, загас аваарай” гэх жаал хүүд зориулан бичсэн гэдэг. Яруу найраг ч тэр, амьдрал ч тэр энгийн бүхэн агуа сайхан байдгийн тод жишээг боллоо.
Харин дараагийн шилдэг бүтээлээр “Отгон-Эрдэнэ” багийн “Нүдээ ань” бүтээл шалгарсан юм.
Тус бүтээлд гэр бүлийн урвуу харилцааг илүү тодотгон тусгажээ. Гэвч үр хүүхэд гэдэг хамгаас эрхэм нандин учир харилцаагаа эргэн сэргээж буй нэгэн гэр бүлийн тухай өгүүлсэн байна. Үнэхээр л нийгмийн сайн сайхны төлөө зөв гэрлийг асааж чадах шиг санагдсан юм.
Харин гурав дахь шилдэг бүтээлээр “Анх-Эрдэнэ” багийн “Figure” бүтээл шалгарлаа.
Бүтээлд эмэгтэй хүний энэрэнгүй цагаан сэтгэлийг “Арт Хаус” төрлөөр үзүүлэхийг зорьжээ.
Тус гурван бүтээлээл нэг, хоёр, гурав гэсэн байр эзлээгүй бөгөөд бүгдээрээ шилдгээр шалгарлаа.
Наадам сар болгон зохион байгуулагдах бөгөөд цаашид илүү олон багбүтээлээ ирүүлж, улам өргөн хэмжээнд зохион байгуулагдахыг зохион байгуулагчдын зүгээс хэлсэн юм.
Эцэст нь дүгнэхэд эхлэх гэж зорьж яваа, эхлээд явж буй, кино урлагт хөл тавьж буй залуу уран бүтээлчдийн зөв талбар энд л байна гэж хэлмээр байна.
Л.Сайнбаяр