Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо.
Холбогдох хууль, журмын дагуу тогтоол гаргаж, “Говь” ХК-ийн нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 7,801,125 (долоон сая найман зуун нэг мянга нэг зуун хорин таван) ширхэг хувьцааг 100 хувааж, нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 780,112,500 (долоон зуун наян сая нэг зуун арван хоёр мянга таван зуун) ширхэг энгийн хувьцаа болгон хуваахаар шийдвэрлэлээ. Ингэснээр хувьцааны хөрвөх чадвар, хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэгдүүлэх, компанийн зах зээлийн үнэлгээг өсгөх, цаашлаад хувьцааны төвлөрлийг бууруулах ач холбогдолтой юм. Иймд хувьцаа хуваах үйл ажиллагааг ажлын 10 хоногийн дотор багтаан гүйцэтгэхийг “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Үнэт цаасны цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д тус тус үүрэг болголоо.
Хуралдаанаар, “Тээвэр хөгжлийн банк" ХХК-д үнэт цаасны зах зээлд андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Ингэснээр тус зах зээлд андеррайтерийн үйлчилгээ эрхлэгчдийн тоо 25 болж буй юм. Мөн “Онолт язгуур” ХХК-д даатгалын зуучлагчийн, “Шийдэл финанс” ХХК-д банк бус санхүүгийн зээл, гадаад валютын арилжааны, “Чанартай мөнгөн тойг” ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус олголоо. Үйл ажиллагааны болон санхүүгийн зохих болзол нөхцөлийг хангасан “Эксклюзивчэнж ББСБ” болон “Экодевелопмент монголиа ББСБ” ХХК-уудад банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын болон гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгосон байна. Түүнчлэн хуралдаанаар, “Тус брокерс” ХХК-ийн даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээж, “АА Аперейзал” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт орууллаа.
Зах зээлд үйл ажиллагаа явуулахад холбогдох хууль, журмаар тавигддаг шаардлага, шалгуурыг хангаж ажиллаагүй "Фүжи холдинг ББСБ" ХХК-ийн банк бус санхүүгийн, “Чандмань андууд” ХЗХ, “Арвин мэлмий” ХЗХ-ны хадгаламж, зээлийн, “Ивээлт-Инэл ХААБ”, “Рояал кашимер ХААБ”, “Танандээж трэйд ХААБ”, “Увс таван эрдэнийн ундарга ХААБ” ХХК-уудын хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, “Буянтхадгаламж”, “Ялалт инвесмент”, “Мөнгө ундрага наран”, “Их наран бүтээлч залуус”, “Өөдлөх кредит” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.