Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр боллоо.
Хуралдаанаар, “Минжпроперти” ХХК-ийн нийтэд санал болгон гаргах нэг жилийн хугацаатай 1.0 тэрбум төгрөгийн “Парк Таун” бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. Тус компани Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх Парк Таун-2 төслийнхөө урсгал санхүүжилтийг энэхүү бондоор босгох бөгөөд ирэх онд бондын хоёр дахь хэсгийг хоёр жилийн хугацаатай 2.0 тэрбум төгрөгийн дүнтэйгээр гаргахаар бэлтгэж буй аж. “Парк Таун” бондын арилжааг “Монголын үнэт цаасны бирж” ХК эрхлэн гүйцэтгэх бөгөөд өрийн хэрэгслийн жилийн хүүг арилжааны банкуудын дундаж хадгаламжийн хүү болон Засгийн газрын үнэт цаасны хүүгээс өндрөөр санал болгохоор үнэт цаас гаргагчид төлөвлөжээ.
Мөн Хорооны хуралдаанаар, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт, шалгалт хийх журам”-ыг баталлаа. “Уг журамд үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж зээлийн хоршооны болон үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын салбарт явуулах хяналт шалгалтын ажлын хэлбэр төрөл болон дүгнэлт гаргах, тайлагнах үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилт хангалтгүй буюу зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар нарийвчлан тусгасан байна.
Түүнчлэн хуралдаанаар, “Монголиа импакт финанс” ХХК-д банк бус санхүүгийн зээл, гадаад валют арилжааны, “Хаан гал тамга” ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр, “Жалбуутайж” ХХК, “Кредитпрогресс ББСБ” ХХК, “Бэрс финанс ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олголоо. Мөн “Шинэхэн инвест ББСБ” ХХК, “Өсөх капитал ББСБ” ХХК болон “Тэргүүнзоос” ХЗХ, “Өсөх-Улам” ХЗХ, “Бизнесийн оргил” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг сэргээж, “Уг гарвал ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн, “Пийс финанс” ХЗХ, “Ариун эрдэнэ солонго” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.