"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК, "Арилжааны төлбөр тооцооны төв" ТӨХХК, үнэт цаасны компаниуд болон "Эрдэнэс таван толгой" ХК-тай хамтран Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудад “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ хүрээнд хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт явуулжээ. Түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, иргэдэд олгосон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, арилжааны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэргээр нийт 5000 гаруй иргэдэд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлсэн байна
Тус нээлттэй өдөрлөгийг цаашид бусад аймгуудад зохион байгуулахаар төлөвлөжээ.
Б.Лхам