ОУВС-гийн Захирлуудын зөвлөл өнгөрөгч сарын 31-ний өдөр хуралдан, Монгол Улсад хэрэгжиж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тав дахь шатны үнэлгээний тайланг хэлэлцэж баталжээ. Энэ хүрээнд 36.22 сая ам.долларын санхүүжилт энэ сарын 2-ны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт хийгдэж, гадаад валютын нөөц энэ хэмжээгээр нэмэгдлээ хэмээн Монголбанкнаас мэдээлж байна.
Ийнхүү тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 217.33 сая ам.долларт хүрч, олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас санхүүжилтүүд үргэлжлүүлэн авах боломж бүрджээ.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн бол 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хүлээгдэж байна.
Б.Лхам