Өнөөдөр Усны байгууллагын 80 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан “Усны барилга” ХХК-ийн захирал, Монголын Усжуулагчдын холбооны гүйцэтгэх захирал Г.Сүрэнжавтай ярилцлаа.
-Танд ойн баярын мэнд хүргэе! Өнөөдөр Усны байгууллагын хувьд хийсэн, бүтээснээ дүгнэх өдөр. Энэ хугацаанд юу хийж бүтээв?
-Баярлалаа.. Бусад салбартай харьцуулахад ууган салбар мэт харагдаж буй боловч 1938 онд анх усны департамент байгуулагдаад үүнээс хойш усны салбар өнөөдөр 80 жилийн ойгоо тэмдэглэж байна гэж үздэг.
-Өнөөдөр Усны байгууллагын хөгжил ямар үедээ явж байгаа гэж үзэж байна вэ?
-Усны салбар 1970, 1980-аад оны үед хамгийн эрчимтэй, бүтээлч ажиллаж байсан үе гэж би хардаг. 1990-ээд он хүртэл шулуун явж байгаад зах зээлийн үед уналтын байдалд орон. Яагаад гэвэл хариуцах яамны болсон. Түүнчлэн манай усны салбар 10 гаруй удаа яаманд бага багаар хуваарилагдсан, тархай, бутархай олон газар салаа мөчиртэй болсон учраас усны нэгдсэн бодлого алдагдсан юм.
-Тэгвэл таныхаар цаашид энэ салбарт юу шаардлагатай байна гэж үзэж байна вэ?
- Усны салбар нэгдсэн бодлоготой болж, усны агент байгуулах ёстой болсон цаг үе гэж хардаг. Ер нь аливаа улс орны хөгжлийн гол гүүр нь ус л байдаг. тиймээс усныхаа салбарыг хөгжүүлж, цаашдын зам мөрийг төр засгаас анхаараагүй биш анхаар ч байгаа. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Усны салбарын хөгжлийн тухай Засгийн газарт чиглэл өгсөн байгаа. Энэ нь усны агентлаг эсвэл усны чиглэлээр төрийн бодлого барьсан байгуулал байгуулах чиглэл юм. Удахгүй усны бодлогыг зангидсан агенттай болно гэж найдаж байна. 80 жилийн хөгжлийн гараа хэдий алдагдсан ч гэлээ тодорхой хэмжээнд ахиц дэвшил байж л байгаа. Яг өнөөдөр бол миний санаж бодсон түвшинд хүрээгүй. Энэ нь төр засаг усны бодлогыг нэг чигт нь барьж чадаагүйн илрэл юм.
-Модны салбар гэхэд 90 жилийн ойгоо сая тэмдэглэлээ. Усны салбар яагаад ийм хожуу үүссэн юм бэ?
-Усны салбар бусад салбаруудаас яагаад хожуу бий болсон гэхээр Монголчуудын тархай бутархай нүүдэлчин амьдрал нөлөөлсөн гэж үздэг. Гол ус, булаг шандынхаа усыг хэрэглэж амьдардаг байсан. Төв суурин газар, төвлөрсөн байдалд ороогүй байсан учир усны салбар байгалийнхаа тогтолцоогоор явсан юм. Сүүлд суурин байдал бий болж ус гэдэг зүйлийг төвлөрүүлж хэрэглэх ёстой юм байна гэх асуудал гарсны үндсэн дээр салбар сүүлд хөгжсөн түүхтэй байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх шалтгааны улмаас боловсронгуй хэрэглэх үе нь Монголд арай хожуу эхэлсэн гэхэд болно.
-Та энэ салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би 1980 онд Монгол Улсын их сургуулийг Усны инженер мэргэжлээр төгссөн. Төгссөнөөсөө хойш усны салбарт 38 жил тасралтгүй ажиллаж байна.
Зарим улсууд усаа гадны орноос худалдаж авдаг жишээ цөөнгүй байдаг. Манай улсад мөн усны хомсдол эрчээ авч байна?
-Монгол Улс газрын доорх усаа хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, манай улс газрын доор усныхаа 70 орчим хувийг хэрэглэдэг. Газрын гадаргынхаа дөнгөж 30 хувийг хэрэглэдэг. Гэтэл дэлхийн жишигт газрын доорх усныхаа 30 хувийг хэрэглээд, гадаргынхаа усны 70 хувийг хэрэглэдэг. Харин манай улс эсрэгээрээ байгаа юм. Газрын доорх усаа хайрлаж хамгаалах хэрэгтэй байна. Газрын доорх ус гэдэг хэдэн зуун жил тэжээгдэж бий болдог. Тэр усыг л хойч үедээ өгөх хэрэгтэй байна. Хайр гамгүй ингэж цацвал алс ирээдүйд Монгол Улсын хөгжилд ч нөлөөлнө. Ердөөсөө л стратегийн бодлоготой байдаг.
-Усны хомсдол үүсгэгч нэг хүчин зүйл нь уул уурхай байдаг. Жишээлбэл, Оюутолгой гэхэд усаа бараг үнэгүй шахам авдаг гэж байгаа?
-Оюутолгой Балгасын улаан нуураас ашигладаг. Мөн газар доорх усаа хэрэглэхдээ усаа дахин боловсруулж хэрэглэхэд онцгой анхаарахгүй бол алсдаа Оюутолгойн ч хэрэглэж байгаа усны нөөц боломж хүнд байгаа. Энэ тухай төр засаг, усны мэргэжлийн хүмүүс бүгд мэдэж байгаа.
-2020, 2030 онд цэвэр усны нөөц шавхагдана гэж яригддаг. Та мэргэжлийн хүн учир энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Яг энэ хугацаанд манай улс усны хомсдолд орно гэж хэлж чадахгүй байна. Гайгүй байх. Гэхдээ одооноос эхэлж анхаарч байх хэрэгтэй. Тухайн хэлж байгаа судалгаа буруу биш. Газрын доорх усаа аль болохоор л бага ашиглах, мөн саарал ус боловсруулах үйлдвэр техникийг ашиглаж байж л эргэлтэд оруулахгүй бол Европын жижиг улстай газар доорх усаа харьцуулахад манайх усны нөөцөөр байгаа орон шүү дээ. Тиймээс эрдэмтдийн хэлсэн судалгаа бол буруу биш. Яг энэ хугацаанд биш ч гэсэн анхаарах цаг болсон.
Б.Лхам