УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталъя гэсэн томьёоллоор санал хураахад 79.7 хувиар гишүүд дэмжлээ.
УИХ-ын гишүүн А.Ундраа:
-Уур амьсгалын өөрчлөлтөд манай улс хамгийн өртөмхий байгаа. Мөн сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж,цунами, хар салхи зэрэг байгалийн онцгой үзэгдлүүдийн давтамж дэлхий нийтэд нэмэгдэж байна. Манай улс өнгөрсөн жил үер ус элбэгтэй байлаа. Мөн сүүлийн хэдэн жил ган гачиг болж газрын гадаргуу хатах, гол мөрөн ширгэх зэрэг байгаль цаг уурын олон асуудал тулгамдаж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь зэрлэг ан амьтан, ургамал, мал хүн бүхэнд хамааралтай. Төслийн үр өгөөжийг Герман улсын тал сайн болсон гэж дүгнэсэн нь сайшаалтай хэрэг. 28-хан мазаалай үлдсэн. Мазаалайг хамгаалах чиглэлээр юу хийж байна вэ. Мөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байгаа газар нутгуудад тухайн газар нутгийн онцлогт нь тохирсон ямар арга хэмжээг авч байна вэ. Цаашид төслийн үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:
-Мазаалай хамгаалах чиглэлд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар төсөл хэрэгжиж байгаа. Мөн ОХУ-ын Шинжлэх ухааны академийн төлөөлөл судалгааны чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан.
Үүний дараа Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Бүгд Найрамдах Польш Улсад манай улсын хэчнээн иргэн ажиллаж, амьдарч байгаа вэ. Нийгмийн хамгааллын баталгаа нь хангагдахгүй байгаа хэчнээн иргэн байна вэ. Гаднын улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалах мөн нийгмийн хамгааллын асуудлыг нь баталгаажуулах тал дээр санаачилгатай ажиллаж байгаад баяртай байна. Уг хэлэлцээр байгуулагдсанаар Бүгд Найрамдах Польш Улсад мөн эх орондоо ажиллаж байсан хугацаагаар тэтгэвэр тогтоолгох боломж үүснэ гэж ойлголоо. Энэ тухай тодруулж хэлнэ үү. Мөн эрүүл мэндийн даатгалын асуудал нь шийдэгдэх үү. Тухайн улсын нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого чиглэлд нь манай улсын иргэд хамрагдаж чадах эрх үүсэх үү.
ХНХ-ын сайд С.Чинзориг:
-Элчин сайдын яамдтай хамтарч гаргасан судалгаагаар Бүгд Найрамдах Польш Улсад манай улсын 940 иргэн ажиллаж амьдардаг гэсэн судалгаа гарсан. Бүгд Найрамдах Польш Улсад амьдарч байгаа монголын иргэд эрүүл мэндийн даатгалаа төлдөг. Нийгмийн даатгалын шимтгэлээ Польш улсад төлж байгаа хэдий ч тус улсын хуулийн дагуу нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь үүсдэггүй. Монголдоо нийгмийн даатгал, шимтгэлээ төлөөгүй учраас Монгол Улсаасаа нийгмийн даатгал хүртэх эрх нь мөн хязгаарлагдмал байгаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хооронд байгуулсан нийгэм хамгааллын тухай хэлэлцээрийн дагуу тус улсад ажилласан жил төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, Монгол Улсад ажилласан жилийн нийгмийн даатгалын шимтгэлээ нэгтгэж Польш улсад ажилласан. Тухайлбал, Польш улсад ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилд оногдох тэтгэврээ Польш Улсын талаас харин Монгол Улсад ажиллаж нийгмийн даатгал, шимтгэлээ төлсөн жилдээ оногдох тэтгэврээ монголынхоо нийгмийн даатгалын сангаас авах эрх нь үүсэх юм. Мөн тэтгэмжүүд авах эрх бий болно. Одоогоор Унгар, БНСУ-тай нийгмийн хамгааллын чиглэлээр хэлэлцээр байгуулаад ажиллаж байна.
Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа тус хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжиж, баталсан юм.
Үүгээр үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа. Үдээс хойш чуулганы хуралдаан гишүүдийн асуулгын хариуг сонсоно.