Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Монголбанк болон Bloomberg TV нар хамтран “Алтны Форум”-ыг зохион байгуулж байна.
Энэ нь алтны хайгуул, олборлолтыг эрчимжүүлж улмаар, тушаалтыг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах, алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулж, улсын эрдэнэсийн санг арвижуулан, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал солилцож, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцэх зорилготой.
Форумд ЗГХЭГ, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, Сангийн яам, БОАЖЯ, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл, алт үйлдвэрлэгч компаниуд, эдийн засагч, салбарын судлаач шинжээчид зэрэг салбарын оролцогч бүх талууд уг оролцож байна. Энэ хүрээнд алтны хайгуул олборлолт, алт тушаалт, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах асуудлаас байгаль орчин хамгаалал, хууль бус алт олборлолт, өнөөгийн хууль эрх зүй, татварын орчин хүртэл салбарын хамгийн чухал гэх асуудлуудыг хэлэлцэж буй юм.
Валютын өсөлтийг хазаарлаж, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх замаар төгрөгийн ханшийг тогтворжуулах, улмаар макро орчинд үүсэх эрсдэлүүдээс сэргийлэх нэг суваг нь алтны нөөцөө өсгөх явдал гэдгийг энэ үеэр онцолж байна. Манай улс 2012 оноос алтны нөөц ашигласны татвараа бууруулж, өсөн нэмэгдэх татварыг нь тэглэжээ. Сүүлийн таван жилд алтны татварын хууль хэрэгжсэнээр төв банкны алтны нөөц долоо дахин нэмэгдэж, Монгол Улс гадаад валютын албан нөөцөө өсгөх боломжтой болсон аж. Тэгвэл 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэ хуулийн үйлчлэх хугацаа таван жил буюу энэ онд эцэслэх юм байна.
Б.Лхам