Сүүлийн өдрүүдэд ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарч Монголбанкны өнөөдрийн мэдээллээр төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2,545.29 төгрөг болоод байна. Эдийн засагчид үүний шалтгаан болоод авах арга хэмжээний талаар өөрсдийн саналаа хэлээд эхэллээ.
Тухайлал, эдийн засагч Т.Доржханд " Саяхан бид мөнгө, санхүүгийн буруу бодлогын үр дүнд 2-хон жилийн дотор төгрөгийн ханшаа ам.долларын эсрэг 1200₮-2500₮ болгож алдан, Tөв банк дахь гадаад валютын нөөц 4-хөн жилийн дотор 6.0 тэрбум доллараар шимэгдээд улс маань нийтээрээ сэхээний орон дээр хэвтэж билээ. Үүний цаана улстөрийн тогтворгүй байдал, төсөв мөнгөний замбараагүй бодлого байсан хэдий ч зарим банкуудын хэтэрсэн шунал, эрээ цээргүйгээр төрийн бодлогод хутгалдсан нь нөлөөлсөн юм. Гэтэл тэр нь одоо ч үргэлжилсээр байна. Учир нь гадаад худалдааны орчин сайн, манай экспортын бараануудын үнийн төлөв богино хугацаанд тогтвортой, гадаад валютын нөөц 3.0 тэрбум орчим ам.доллар байгаа нь төгрөгийн ханш огцом унах үндэслэл биш юм.
Америк, Хятадын худалдааны дайны нөлөө ч өнөөдөр бидэнд мэдрэгдэж эхлээгүй байна. Гэтэл банкууд маань сургаар ам.доллар зарахаа зогсоож үндэслэлгүй өндөр ханш тогтоон ам.долларын ханшийг хөөрөгдөж байгаа нь өмнөх алдаагаа давтах вий гэсэн эргэлзээг төрүүлж байна. Иймд Монголбанкны удирдлагууд үүрэгт ажлаа хийж банкууддаа хатуу шаардлага тавин, шаардлага хүлээн авахгүй банкуудын тусгай зөвшөөрлийг хураах хүртэл арга хэмжээ авна уу. Алийн болгон төр нь банкуудаа дэмжиж, тэдний кассын машин шиг ажиллан, харин иргэд нь өндөр хүүтэй жаахан мөнгө царай алдан гуйж амьдрах вэ дээ!" гэлээ.
С.Нацаг
Сэтгэгдэл (6)