Хөтөлийн “Цемент шохой” ХК Улаанбаатар хотод терминал болон тээрмийн цогцолбор байгуулахад шаардагдах эхний ээлжийн санхүүжилтыг босгох зорилгоор хаалттай хүрээнд 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.0 сая ширхэг энгийн хувьцаа нэмж гаргахаар шийдвэрлэсэн байна. Компанийн ТУЗ-ийн энэхүү шийдвэрийг Хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд, нэмж гаргаж буй хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр боллоо. Ингэснээр “Цемент шохой” ХК нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 2 876 840 893 ширхэг хувьцаатай болж байна.
Хорооны өнөөдрийн хуралдаанаар мөн, “Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 450.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж, 5.0 тэрбум төгрөг болгон, компанийн бүтэц, бүртгэлд өөрчлөлт орууллаа. Хороо 2016 онд 236 тоот тогтоол гарган, ердийн даатгалын компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 5.0 тэрбум төгрөг, урт хугацааны даатгалын компанийнхыг 6.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх хугацааг 2018 онд хангаж дуусгахаар заасан. “Улаанбаатар хотын даатгал” ХХК хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлснээр уг тогтоолын хэрэгжилт 90 хувьтай болж байна.
Түүнчлэн хуралдаанаар, “Инвескор капитал” ХХК-д үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгож, “Завхан нөхөрлөл”, Хужиртайн булгийн ундарга”, Дэлгэрэн арвижих капитал” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийн хугацааг тус бүр гурван жилээр сунгав. Холбогдох хууль тогтоомж, журмын шаардлагыг хангаж, зөрчил дутагдлаа өгөгдсөн хугацаанд арилгасан “Мэжик капитал ББСБ” ХХК-ийн түр түдгэлзүүлээд байсан банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээж, “Үнэлгээ консалтинг” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэхх тусгай зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүллээ. Мөн “Эй Эс Ай Би” ХХК-ийн даатгалын зуучлагчийн, “Их Монгол инвестмент ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.
С.Нацаг