Археологчид Португалын эрэг орчмоос 400 жилийн өмнө сүйрсэн хөлөг онгоцыг илрүүлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Уг хөлөг онгоц Энэтхэгээс буцах замдаа живсэн хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Хөлгийг Португалын Кашкайш хотын эрэг орчмоос холгүйхэн байсан гэнэ. Тухайн үед Португаль улсын Ази тивийн орнуудтай халуун ногооны худалдаа хийдэг байжээ. Хөлөг онгоцны үлдэгдэл 12 метрийн гүнд байсан гэнэ. Археологийн судалгааны эрдэм шинжилгээний захирал Жорж Фрайер “Бидний нээлт энэ цаг үеийн нэн чухал олдворуудын нэг. Бид геофизикийн судалгаа, шумбагчийг ашиглан энэ сарын 4-нд хөлгийг байршлыг олсон. Хөлөг онгоц байгаа бүс нутагт дөрөв дэх өдрөө ажиллаж байна. Хөлгийн нэрийг хараахан тогтоогоогүй байна” гэж мэдэгдлээ.
Шумбагчид хөлгийн ойр орчмоос эвдэрхий шаазан аяга, таваг, ваар, хүрэл зэвсэг зэргийг илрүүлсэн байна. Уг хөлгийг худалдаа хийхээс гадна боолчлолын худалдаанд ашигладаг байсан гэх хэд хэдэн нотолгоог археологчид илрүүлжээ.
Португалын албаныхан хөлгөөс олдсон олдворуудыг соёлын өвд бүртгэх талаар шалгаж буй гэнэ.
Л.Сайнаа