Сүүлийн өдрүүдэд төгрөгийн ханш суларч, нэг ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2500 төгрөгийн босго давлаа. Үүнтэй холбогдуулан Монголбанкнаас мэдээлэл өнөөдөр мэдээлэл өгсөн юм. Монголбанкныхан мэдээлэл өгөхөөсөөө өмнө олон нийт 2500 гэдэг тоонд нь ач холбогдол өгч ам.долларынхан ханш огцом өссөн мэтээр хүлээж аваад байгааг онцолж байлаа. Ам.долларын ханш энэ оны эхнээс гурван хувиар өсчээ. Харин сүүлийн өдрүүдийн өсөлт 3.5 хувьд хүрээд байгаа юм байна. Энэхүү өсөлтийг Монголбанк "Томоохон хүчин зүйлсийн нөлөөтэй бус улирлын чанартай өсөлт" гэж тайлбарлалаа. Учир нь, оны эхний хоёр улиралд манай улсын импортын хэмжээ нэмэгдэж гадаад худалдаа алдагдалтай гарсан, мөн Дим Сам бондын эргэн төлөлтийг хийсэн зэргээр валютын гарах урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор төгрөгийн ханш суларч байгаа юм байна. Бүтээн байгуулалтын улиралд гадаадаас импортоор авах техник, тоног төхөөрөмжийн хэмжээ эрс нэмэгдсэн нь гадаад худалдааны алдагдалд голлон нөлөөлжээ. Түүнчлэн АНУ, БНХАУ-ын хооронд болж буй "худалдааны дайн"-тай холбоотойгоор дэлхий нийтэд ам.долларын ханш чангарч байгаа нь ч манайд нөлөөлжээ. 170 орны 52.4 хувийнх нь мөнгөн тэмдэгтийн ам.доллартой харьцах ханш дөрвөн хувиар буурсан байна. Монголбанк төгрөгийн ханшийг тогтворжуулах үндсэн зорилтынхоо хүрээнд долоо хоногт хоёр удаа интервенц хийж зах зээлд валют нийлүүлж байгаа ажээ. Хамгийн сүүлд буюу өнөөдөр л гэхэд 20 сая ам.доллар зах зээлд нийлүүлжээ. Оны эхнээс хойш нийтдээ 556 сая ам.доллар зах зээлд нийлүүлсний 368 саяыг нь валютын гадагшлах урсгал нэмэгдсэн үе буюу эхний зургаан сард нийлүүлсэн байна.
Ам.долларын ханшийн өсөлт цаашид хадгалагдахгүй гэдгийг Монголбанк онцоллоо. Учир нь, дөрөвдүгээр улиралд гадаад худалдааны алдагдал буурч 100 сая ам.долларын ашигтай гарахаар байгаа гэлээ. Мөн он дуустал валютаар төлөх томоохон өр төлбөр байхгүй ажээ. Түүнчлэн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлдэг алтны худалдан авалт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхээр байгаа юм байна. Энэ онд 22 тонн алт худалдан авахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 13 тонныг нь худалдан авчээ.
Сэтгэгдэл (1)