АХБ-ны зөвлөх баг энэ сарын 17-оос 21-ний өдрүүдэд Монгол Улсад оношилгоо судалгаа хийхэд мэдээлэл баримт цуглуулах зорилгоор төрийн байгууллагуудтай уулзалт хийж байгаа аж.
Уулзалтаар ҮСХ-оос гаргадаг нийгэм, эдийн засгийн тоон мэдээлэлтэй танилцах, судалгаанд хамааралтай мэдээлэл цуглуулах талаар ҮСХ-ны удирдлагуудтай уулзсан байна.
Азийн Хөгжлийн Банкны Эдийн засгийн судалгаа, бүсийн хамтын ажиллагааны газрын дарга Эдимон Гинтинг Монгол Улсад оношилгооны судалгаа хийхэд ҮСХ-ны үүрэг, оролцоо чухал болохыг онцлов. Энэхүү судалгаанд салбар хоорондын тэнцэл, ажиллах хүчний судалгаа, боловсролын тоон мэдээлэл ашиглах зөвшөөрөл хүсчээ.
ҮСХ нь АХБ-тай 1993 оноос өнөөг хүртэл идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд АХБ-ны дэмжлэгтэйгээр 13 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусчээ.
Эх сурвалж: ҮСХ