Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад санхүүгийн салбаруудын эрх зүйн орныг сайжруулах, боловсронгуй болгоход үйл ажиллагааныхаа тодорхой хэсгийг чиглүүлэн ажиллаж байна. УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэлх боловсронгуй болгох үндсэн чиглэлд ч Хорооны зохицуулалтын салбаруудын цөөнгүй хуулийг шинэчлэн найруулахаар тусгасан.
Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай болон Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулиудын шинэчилсэн найруулгын, мөн Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Хууль, тогтоомж болон УИХ-ын бусад шийдвэрийн төслийг боловсруулах тухай хуульд заасны дагуу дээрх хуулийн төслүүдийг боловсруулахад иргэд олон нийтээс, мөн санхүүгийн зах зээлийн оролцогчдоос санал авч, тусгах шаардлагатай байдаг. Үүний дагуу дээрх хуулийн төслүүдэд санал авч эхэлсэн тул санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, санхүүчид, мэргэжилтнүүд болон харилцагч, үйлчлүүлэгчдийг үүнд идэвхитэй оролцохыг урьж байна.