Ази, Номхон далайн бүсийн орнуудын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбооны ээлжит олон улсын татварын хурал өнөөдөр манай улсад болж байна. Уг хуралд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцсон юм.
Тэрбээр, "Ази Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн ээлжит их хурлыг эх орондоо анх удаа зохион байгуулж Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад онцгой анхаарал хандуулж, нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө хуран чуулсан Та бүхэндээ Сангийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье. Аливаа улс орны хөгжил дэвшил нь тухайн улсын татварын тогтолцоо, хууль эрх зүйн орчинтой шууд холбоотой. Иймд бид өнөөгийн техник, технологийн хурдацтай хөгжил, худалдаа үйлчилгээний шинэлэг арга хэлбэрүүд, эдийн засаг бизнесийн улам нарийсч буй харилцааг зохицуулахын тулд татварын асуудлыг бодлогын хувьд олон улсын түвшинд гаргах шаардлагатай болсон. Ялангуяа, аль нэг татвар төлөгчийг ялгаварладаггүй, тэгш шударга үйлчилдэг хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх гарцаагүй шаардлага бий болсон. Өнөөдөр бид, хуулийн хүрээнд татвараас зайлсхийх боломж олгодог олон аргуудаас сэргийлэх, нэн ялангуяа, “Оффшор” хэмээх нийгмийн хувьд эргэлзээ төрүүлсэн хурцадмал сэдвээр ярилцан хэлэлцэх, шийдлийг олох, бусад орны ололт амжилтыг нутагшуулах амаргүй үүрэг хүлээж байна. Татвараас зайлсхийж, ашгаа шилжүүлэх нь нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөтэй төдийгүй улс орны хөгжилд саад учруулдаг. Тиймээс, цөөн хэдэн аж ахуй нэгж хүндийн дийлэнхийг үүрдэг бус, ногдсон татвараа бүгд, саадгүй төлдөг тийм орчинг бүрдүүлэхийн төлөө ухаанаа уралдуулахыг Та бүгдээс хүсье.
Чанартай зам, гүүр барих, эрүүл мэнд боловсролыг хүртээмжийг нэмэгдүүлэх, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх нь татварын орлоготой шууд холбоотой. Иймд, Та бүхэн бүлэг хүмүүсийн явцуу ашиг сонирхол бус, нийтийн эрх ашигт тэгш үйлчилсэн зоримог шийдлүүдийг эрэлхийлж, дэвшүүлнэ гэдэгт итгэж байна. Энэ дашрамд, Монгол Улсын Засгийн газраас УИХ-д Татварын багц хуулийг намрын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахын өмнө энэхүү хурал зохион байгуулагдаж буйд миний бие туйлын баяртай байна. Бид хамтдаа нэг зүгт харж, хөдөлбөөс хөгжил дэвшил аяндаа ирэх юм. Та бүгдэд амжилт хүсэж, шинэ мэдлэгийн хуримтлалыг бий болгосон, үр өгөөжтэй, сэтгэлд хүрсэн үр дүнтэй хурал болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хурлын төлөөлөгчид болон хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье" гэсэн юм.
С.Нацаг
Сэтгэгдэл (7)