“Дисковер Монголиа-2018” Эрдэс баялаг, уул уурхайн Олон Улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазар “Уул уурхайн салбар манай улсыг тэргүүлж буй салбар учраас чиг хандлага нь зөв байх үүднээс зохион байгуулж байна” хэмээсэн. Уул уурхайн салбарт Засгийн газраас мөн бодлогоор анхаарч ажиллаж байгааг дурдаж байлаа. Энэ нь ч ажиглагдаж байсан юм. Өнгөрсөн хугацаанд уг салбарт хөрөнгө оруулагчдын тоо буураад байсан бол энэ удаагийн уулзалтаар хөрөнгө оруулагчид нааштай байгаа нь харагдсан.
Мөн сайн мэдээ дуулгахад Австралийн хөрөнгө оруулалттай “Аспайр Майнинг” компанийн 32 хувийн хувьцааг монголчууд эзэмшдэг боллоо. Тус компани нь олон улсын зэрэглэлийн сайн чанарын коксжих нүүрсний орд газруудыг Монгол Улсад нээх, олборлох, хувьцаа эзэмшигчдийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилго бүхий Австралийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг компани юм.
“Аспайр Майнинг” компанийн нэгж хувьцаа 0.021 доллараар үнэлэгддэг бөгөөд монголчууд 16.6 хувийн хувьцаа эзэмшдэг байсан нь 32 хувь болж нэмэгдүүлжээ. Энэ арилжаа өнгөрсөн долоо хоногт болсон юм. Тус компанийн энэхүү санхүүжилтийн багцыг улсын гарьд Ц.Цэрэнпунцаг эзэмшдэг билээ.
Тэгвэл тус компани нь “Нортерн Рэйлвэйс” гэх охин компанитай. Энэ нь “Аспайр Майнинг” компанийн төмөр замын дэд бүтцийг эрхэлсэн салбар компани бөгөөд Эрдэнэт хот болон “Аспайр Майнинг” компанийн “Овоот” дахь коксжих нүүрсний төслийн хооронд баригдах олон хэрэглэгч, зориулалт бүхий төмөр зам барих асуудлыг хариуцдаг байна. Хойд бүсийн төмөр зам нь Монголын хойд аймгууд болох Хөвсгөл, Булган, Завхан аймгуудыг Эрдэнэт хот дахь Транс-Монголын төмөр замын сүлжээнд холбох юм. Уг төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвсөн байдаг.
“Аспайр майнинг” компани нь коксжих нүүрсний нөөцөөр Монгол Улсад хоёрдугаарт ордог Овоотын коксжих нүүрсний ордын төсөл, Жилчигбулагийн болон Мянганы нүүрсний төслүүдийг эзэмшдэг. Түүнчлэн “Эх говийн чулуу” хамтарсан ХК-ийн 50 хувийг эзэмшдэг бөгөөд нүүрсний хайгуулын хоёр төсөл буюу Нүүрстэйн коксжих нүүрсний төсөл, Эрдэнэбулаг Нүүрсний төсөлд хувь эзэмшдэг зэрэг Монгол Улсад бүртгэлтэй томоохон компани байгаа юм.
Тус компанийн төслүүдээс тодруулбал, “Овоот” төсөл нь JORC стандартаар 255 сая тонн коксжих нүүрсний боломжит нөөцтэй бөгөөд тус уурхайг ашиглах 21 жилийн хугацаанд жил тутам 10 сая тонн хүртэл, зах зээлийн шаардлагад нийцсэн коксжих нүүрс олборлох бүрэн боломжтой аж.
Түүнчлэн Нүүрстэй орд нь нийт 8.1 сая тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй юм. Тухайн коксжих нүүрс нь дэлхийн хамгийн өндөр чанартай коксжсон нүүрстэй харьцуулан шалгаж байсан бөгөөд “Аспайр майнинг” компанийн мэдээлснээр бүтээгдэхүүнийг сайн чанараар боловсруулж чадвал дэлхийн зах зээлд хүчтэй өрсөлдөх түүхий эд болох боломжтой гэж байсан юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)