Сансрын инженерчлэлийн боловсон хүчин бэлтгэх, хэрэглээний шинэ арга замуудыг судлах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “BIRDS” олон улсын төслийн гуравдугаар хурал, МУИС-д болж байна. Хурлын нээлтэд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Монгол Улсын анхны сансрын нисгэгч, МУ-ын баатар Ж.Гүррагчаа нар оролцсон байна.
Үүнд “BIRDS” төсөл буюу сансрын технологи хөгжүүлэгч 20 гаруй орны төлөөлөгч оролцож байгаа юм. “Монголын байгаль орчинд хиймэл дагуулын мэдээлэл ашиглалт олон улсын наймдугаар хурал” ирэх бямба гариг хүртэл үргэлжлэхээр болжээ.
Тодруулбал, Монгол Улсын Их Сургууль хөгжиж буй орнуудын сансрын технологийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх зорилготой олон улсын “BIRDS” төслийн хүрээнд манай улсын анхны сансрын хиймэл дагуул “Мазаалай”-г өмнөх оны долдугаар сард сансарт хөөргөсөн юм. Одоогоор “Мазаалай” хиймэл дагуул нь хамт хөөрсөн таван улсын таван хиймэл дагуулаас ганцаараа ажиллаж, мэдээлэл дамжуулж байгаа аж.
Тус хуралд гадаадын 18 улсын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид илтгэлүүдээ хэлэлцүүлэх юм. Түүнчлэн байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, боловсрол, газарзүй мэдээллийн систем, байгаль орчин зайнаас тандан судлалын чиглэлийн эрдэмтэн судлаач, оюутнууд болон сонирхсон хүмүүс хуралд оролцох боломжтой.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)