Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т өнгөрсөн оноос хамрагдаж эхэлсэн. Тус сангаас орон сууцны үнийн статистикийг сайжруулах, энэ чиглэлээр сургалт зохион байгуулах, хэрэглээний болон үйлчилгээний салбаруудын үйлдвэрлэгчийн үнийн индексийн тооцоог сайжруулах чиглэлээр зөвлөмж өгч, бодитой ажлуудыг хэрэгжүүлэхээр болжээ.
Мөн Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл, орчин нөхцөлд тохиромжтой, олон улсын стандарт арга зүйд нийцтэй, Орон сууцны үнийн индекс тооцох арга зүй, аргачлалыг шинэчлэх, ангилал, маягтыг сайжруулах, жинг шинэчлэх, мэдээллийн эх үүсвэрийг сайжруулахад зөвлөгөө өгөх юм байна. Үүнээс гадна тооцож эхлээд удаагүй байгаа үйлчилгээний салбарын үйлдвэрлэгчийн үнийн индексүүдийн хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, сайжруулах талаар ҮСХ-ны ажилтнуудад зөвлөх аж.
Үндэсний статистикийн хороо ОУВС-тай 1991 оноос хамтран ажиллаж иржээ. Хамтын ажиллагааны хүрээнд хийж буй энэ зөвлөх үйлчилгээ үнийн статистикийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой ажил аж.