Өнөөдрийн 20:00 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ. Улаанбаатар хотод үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 24-26 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус дулаан, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Иргэд, аялагчдын анхааралд:
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.