Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хуралдаан Улаанбаатар хотноо Шангрилла зочид буудалд эхэлж байна. БНХАУ-ын санаачилгаар 2016 оноос зохион байгуулсан хуралдааны эхнийх нь Хөх хотод, хоёр дахь нь ОХУ-ын Буриадын Улаан-Үүд хотод болжээ.
Энэ удаагийн гурав дахь хуралдаанд БНХАУ-аас Соёл, аялал жуулчлалын Дэд сайд Ду Жиан, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жинь И Пинь нараар ахлуулсан 60 гаруй төлөөлөгчид, ОХУ-аас Холбооны Аялал жуулчлалын агентлагийн Орлогч дарга Королёв Николай Вадимович, Бүгд найрамдах Буриад Улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Шутенков Игорь Юрьевич нараар ахлуулсан 20 гаруй төлөөлөгчид оролцоно. Мөн НҮБ-ын ДАЖБ-ын Тогтвортой аялал жуулчлалын тандан судалгааны төв, “Их түмэн голын санаачилга” төсөл, Монгол Улсын БОАЖЯ, ГХЯ, ЗТХЯ, АЖХТ, НАЖГ, МИАТ ХК, 13 аймгийн засаг дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн төлөөлөгчид, МАЖХ, МЗБХ, АЖБХН болон тур оператор компаниудын төлөөлөл бүхий нийт 150 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Хуралдаанд гурван улсын аялал жуулчлалын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд оролцож, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлүүд, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэхээс гадна шинээр харилцаа, холбоо тогтоож, хамтын ажиллагаагаа дараагийн түвшинд гаргахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
2016 онд зохион байгуулсан хуралдааны үр дүнд “Цайны зам олон улсын аялал жуулчлалын холбоо”-г байгуулсан бол 2017 оны хуралдааны үр дүнд аялал жуулчлалын салбар дахь бүх түвшинд хамтын ажиллагааг сайжруулж, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлээд байна.
Монгол Улсад ирдэг жуулчдын тоогоор тэргүүлэгч 2 орон, эргээд Монгол Улсын иргэд хамгийн их жуулчилдаг 2 орны сайд нартай хамтран аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны аюулгүй байдал, ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх асуудлуудаар хэлэлцэх тул Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Аялал жуулчлалын сайд нарын энэхүү гуравдугаар хуралдаан нь харьцангуй онцлогтой юм.
2017 онд БНХАУ-аас 144 мянга гаруй жуулчин Монгол Улсад ирсэн нь 2016 онтой харьцуулахад 8 хувиар өссөн бол Монголоос БНХАУ-д жуулчилсан иргэдийн тоо 2017 онд 345 мянгад хүрсэн байна. Харин 2017 онд ОХУ-аас 106 мянга гаруй жуулчин Монголд ирсэн нь 2016 онтой харьцуулахад 21 хувиар өссөн бол Монгол улсаас ОХУ-д жуулчилсан иргэдийн тоо 2017 онд 217 мянгад хүрсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэ удаагийн хуралдаанаас гарах үр дүнг бодитой байлгах үүднээс Их түмэн голын санаачилга төсөл, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын БНХАУ дахь Тогтвортой аялал жуулчлалын тандан судалгааны төвийн удирдлагуудтай хамтран ажиллаж, гурван улсын хамтран хэрэгжүүлэх төслүүдийг эрчимжүүлэх талаар тодорхой санаачилгуудыг дэвшүүлж байна.
Мөн гурван улсад харилцан жуулчилж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, түүнчлэн дөрөвдөгч улсын иргэдэд гурван улсын хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг санал болгох, сурталчлан таниулах хамтарсан маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар хэлэлцэх юм.