Эдийн засгийн байнгын хорооны хурал хаалттайй горимоор хуралдлаа. Уг хурлаар Засгийн газраас өргөн барьсан Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Өнгөрсөн оны сүүлчээр Монголбанк хөндлөнгийн аудитын компаниар арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийлгэсэн бөгөөл үүгээр таван арилжааны банк өөрийн хөрөнгийн дутагдалтай гэж гарсан билээ. Ингээд Монголбанк арилжааны таван банкийг энэ оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд өөрийн хөрөнгийн дутагдлаа арилгаж хуульд заасан хэмжээнд хүргэх даалгавар өгөөд байсан. Эдгээр таван банкны өөрийн хөрөнгийн дутагдал нь 512 тэрбум төгрөг билээ. Харин Засгийн газрын санаачлан өргөн барьсан энэхүү хуулийн төслөөр бол арилжааны банкууд заасан хугацаанд өөрийн хөрөнгөө босгод хүргэж чадахгүй бол тодорхой хувийг нь төрийн мэдэлд авч, удирдлагаар хангах ажээ. Тодруулбал, өөрийн хөрөнгөө хуульд заасан босгод хүргэж чадаагүй арилжааны банкны тодорхой хувийг төр эзэмшээд санхүүжилт олгох ийм төслийг хэлэлцэж байгаа. Хэдийгээр ямар таван банк ийн өөрийн хөрөнгийн дутагдалд орсныг нууцалж байгаа ч энэ төслийг хэлэлцэж байгаа Эдийн засгийн байнгын хороонд банкны хувьцаа эзэмшигч хоёр гишүүн харьяалагддаг. Тухайлбал, “Капитал” банкны хувьцаа эзэмшигч Б.Ундармаа болон “Богд” банкны хувьцаа эзэмшигч Л.Болд нар энэ байнгын хорооны гишүүн билээ. Арилжааны банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг арилгах талаарх энэ хуралдаанд эрх ашгийн зөрчилтэй энэ хоёр гишүүн ямар санал өгсөн бол?
Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигч бөгөөд гурван гишүүн арилжааны банкны томоохон хувьцаа эзэмшигч юм.
С.Нацагтовуу
Сэтгэгдэл (3)