Монголбанкны Хяналтын зөвлөлийн хурал 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр боллоо. Ээлжит хурлаар улсын гадаад валютын нөөцийн удирдлага, 2018 оны 4 дүгээр сараас мөрдөж эхэлсэн Монголбанкны хуулийн өөрчлөлт ба Хяналтын Зөвлөлийн ажиллах журам, чиглэлийн талаар Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Цэрэнбалтавын мэдээлэл, Монголбанкны 2017 оны санхүүгийн тайланд Хяналтын зөвлөлөөс өгөх дүгнэлт болон Хөндлөнгийн аудитын “Прайсуотерхаускуперс ” компанийн Монголбанкны 2016,2017 үйл ажиллагааны талаарх санал, зөвлөмжийн хэрэгжилтийн явцын талаар ХЗ-ийн гишүүн Л.Дондогийн илтгэлийг тус авч хэлэлцэв. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Хяналтын Зөвлөлийн гишүүд гадаад валютын нөөцийг Монгол Улсын жилийн импортын хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх стратеги зорилт тавьж ажиллах, Хяналтын Зөвлөлийн зүгээс аудит, санхүү, эрсдэлийн албадын бие даасан байдлыг хангах, Монголбанкны Мөнгөний бодлого, Хяналтын Хороо, Санхүүгийн тогтвортой байдлын Зөвлөл зэрэг бүтцүүдийн ажлын үр дүнгийн байдалд илүүтэй анхаарал тавьж ажиллах талаар эрх зүйн зохицуулалт хийхийн чухлыг тэмдэглэв. Мөн Хяналтын Зөвлөлийн шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар тал талаасаа илүүтэй хүчин чармайлт гаргахаар болов.