Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монголбанкинд хэрэгжиж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд одоогийн банк хоорондын бага дүнтэй гүйлгээний системийг сольж, олон улсын стандартад нийцсэн Автомат Клиринг Хаус буюу ACH+ системийг нэвтрүүлэх гэж байна.
ACH+ системийг нэвтрүүлснээр иргэд, аж ахуй нэгжүүд банк хоорондын кредит шилжүүлгийн төлбөр тооцоог 24x7 цагийн турш тасралтгүй, бодит цагийн горимоор хурдан шуурхай шилжүүлэх, хүлээн авах одоогийн үйл ажиллагаа алдагдахгүй. Харин Үндэсний төлбөрийн системд хэд хэдэн шинэчлэл, төлбөрийн үйлчилгээний боломж бүрдэх юм. Тодруулбал,
- Санхүүгийн мэдээллийн олон улсын ISO20022 стандартыг нэвтрүүлснээр гүйлгээний мэдээллийн бүтцийн баялаг байдал, гүйлгээний төрөл нэмэгдэнэ.
- Банк хоорондын дебит шилжүүлэг буюу биллингийн үйлчилгээг нэвтрүүлнэ.
- Төлбөрийн системийн оролцогчид олон гүйлгээний мэдээллийг нэг багц форматаар АСН+ системд дамжуулах, хүлээн авах боломж бүрдэж, төлбөрийн системийн үр ашигтай байдал нэмэгдэнэ.
- Үр дүнгийн тооцооллыг нэг өдөрт хэд хэдэн удаа боловсруулах, T+0 горимоор RTGS системд дамжуулах зэрэг төлбөрийн системийн оролцогчдыг эрсдэлээс хамгаалах механизм хэрэгжүүлснээр санхүүгийн дэд бүтцийн суурь зарчмууд хангагдана.
- Тоон гарын үсгийн PKI системтэй холбогдож ажилласнаар АСН+ системээр дамжих хэрэглэгчийн дансны дугаар, бусад гүйлгээний мэдээллийн аюулгүй байдал, нууцлал хамгаалалт сайжирна.
- Цаашид банк бус байгууллага, томоохон аж ахуй нэгжүүд, цахим мөнгөний үйлчилгээ үзүүлэгч болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд АСН+ системд шууд холбогдож, төлбөр тооцоо дамжуулах боломж бүрдэнэ.
Тус системийг нийлүүлэх, нэвтрүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер зохион байгуулж, Америкийн нэгдсэн улсын Монтран Корпорац шалгарсан байна. Монтран Корпорац нь дэлхийн 17-н улсад АСН системийг амжилттай нэвтрүүлсэн, төлбөрийн системийн шийдэл хөгжүүлэгч дэлхийн томоохон компаниудын нэг юм. АСН+ систем нэвтрүүлэх төслийг 2018 оны тавдугаар сараас 2019 оны наймдугаар сарын хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Сэтгэгдэл (56)