Б.Номин
“ICT групп”-ийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон Эдийн засгийн форумын үеэр блокчэйн технологи дээр суурилсан хөрөнгийн биржийн платформыг бүтээснээ танилцуулсан юм.
-Блокчэйн дээр суурилсан хөрөнгийн биржийг монгол залуус бүтээсэн гэдэг мэдээлэл өнгөрсөн долоо хоногт болсон “Эдийн засгийн форум”-ын чимэг байсан. Энэ нь Монголд төдийгүй, дэлхийд анхных гэлүү?
-Анхных.
-Сангийн сайд үүнийг нэлээд сонирхож хүлээж авсан. Засгийн газрын бондыг блокчэйн дээр суурилсан хөрөнгийн биржээр арилжаалж болох талаар хурлын үеэр хөндөгдөж байсан. Үүнээс хойш Сангийн яамныхан уулзсан уу. Гоё яриа ажил хэрэг болохгүй үлдчих вий гэсэндээ асууж байгаа юм.
-Уулзалдсан, ярилцсан. Сангийн яамтай хамтраад Засгийн газрын бондыг блокчэйн дээр суурилсан хөрөнгийн биржээр арилжаалахаар ажиллаж байгаа. Тестийн төвшинд бол бэлэн болчихсон.
-Монголын Засгийн газар бондоо блокчэйнээр арилжаалбал бас л энэ нь дэлхийд анхдагч болох уу?
-Тэгж ойлгож болно. Яагаад анхных гэж байгаа юм бэ гэхээр анх удаа блокчэйн дээр бүртгэлтэй платформыг ашиглахад бэлэн болгочихоод байна. Магадгүй зарим хүн үүнд итгэхгүй байгаа байх. Харин бид үүнийгээ үйл ажиллагаагаараа батална. Сангийн яамныхан энэ боломжийг олгож байгаад маш их талархаж байгаа. Хувийн хэвшлээ, залуучуудаа, шинэ технологийг дэмжиж байгаа төр засгийнхан байгаад талархаж байгаагаа хэлэх нь зүйтэй байх.
-Бид энэ технологиос хоцорчихсан байгаа байх гэж боддог байлаа. Гэтэл дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаа юм байна?
-Бид эмнэлгийн техник технологи, машин үйлдвэрлэлийн технологиос хоцорчихсон явж байгаа. Харин блокчэйн технологийн тухайд хөл нийлүүлэн алхаж байна. Бидний хийсэн платформ үүний нотолгоо гэж хэлж болох байх. Бид өнөөдөр крипто биржээрээ олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн хамгийн алдартай сургууль оюутнуудынхаа бүртгэлийг блокчэйн технологи дээр суурилан хийдэг бол бид ч гэсэн монгол оюутнуудынхаа бүртгэлийг ижил болгохоор хувийн нэгэн дээд сургуультай хамтран ажиллаж байгаа. Энэ маань дэлхийн ТОП сургуулиудтай адил өгөгдлийнхөө системийг цахимжуулж блокчэйн технологи дээр суурилсан болгох гэж байгаагийн нэг алхам болж байна. Бид дэлхийгээс хоцроогүй, зарим зүйл дээр түрүүлж алхаж байж ч болох юм. Үүнд хүн ам цөөн, ямарваа нэгэн технологи нэвтрэхэд түргэн байна гэсэн давуу тал маань нөлөөлж байгаа байх л даа.
-Блокчэйн дээр суурилсан хөрөнгийн биржийн платформ гэдгийг энгийнээр тайлбарлах хэрэгтэй байх л даа.
-Блокчэйнийг хүмүүс биткойнд хамруулж ойлгоод байдаг талтай. Блокчэйн бол технологийн хөгжил. Блокчэйн бол интернэтийн дараагийн шатны технологийн маш том хөгжил. Ирээдүйд олон нийтийг хамрах технологиуд блокчэйнд суурилж хөгжих нь гарцаагүй болчихоод байгаа юм. Дэлхий нийт ч үүнийг хүлээн зөвшөөрч блокчэйн дээр суурилсан платформууд хөгжүүлж байна. дэлхийн томоохон биржүүд платформаа блокчэйн дээр суурилуулан хөгжүүлэх ажлаа эхлүүлчихсэн байгаа.
-Гэхдээ яг бүрэн хийж хэрэгжүүлсэн газар одоогоор байхгүй байгаа юм уу?
-Тийм ээ. Одоогоор бүрэн нэвтрүүлээд үйл ажиллагаандаа ашиглачихсан газар байхгүй. Үүнээс гадна дэлхийн топ 500 компани цахим бүтээгдэхүүнээ блокчэйн технологи дээр суурилуулж хөгжүүлье гэсэн байр суурьтай байгаа. Энэ дагуу үйл ажиллагаагаа тэлж байх шиг байна.
-Блокчэйний давуу тал нь юу юм бэ?
-Ер нь бол хамгийн том давуу тал нь хэзээ ч, хэн нэгэн эрх мэдэлтэн, хэн нэгэн өөрийн дур зоргоор засах, өөрчлөх боломжгүй технологижсон, гинжин хэлхээтэй цахим бүртгэл юм. Блокчэйний бүтээж чадсан зүйл бол технологийн хөгжил хүний итгэлцэл гэж зүйлийг татаж чадаагүй байсан. Тухайлбал, программаар азтан шалгаруулна гэдгийн цаана хүн дуртай нэгнээ тохируулдаг гэсэн хардлагад цэг тавьж, технологийн итгэлцлийг хүн төрөлхтөнд бэлэглэж буй юм. Блокчэйн бол маш ухаалаг, аюулгүй, технологижсон цахим бүртгэл юм шүү гэдгийг онцолмоор байна.
-Анхны арилжааг хэзээ хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Засгийн газрын бондыг энэ зургадугаар сард багтаагаад арилжаалах төлөвлөгөөтэй байгаа. Бидодоо тэр цаг хугацаа ч гэдэг юмуу бондын хэмжээ хязгаарын тухай одоогоор мэдээлэлгүй байна. Программаа буюу технологи талаасаа бэлтгэлээ бүрэн хангасан. Засгийн газар, Сангийн яамны шийдвэр гарахад л анхны арилжаагаа хийх бүрэн боломжтой.
-Бонд худалдан авах иргэдэд ямар давуу тал үүсэх вэ?
-Нэгдүгээрт, онлайнаар гүйлгээ хийж цаг заваа хэмнэнэ. Хоёрдугаарт, бонд авахдаа өөрөө шууд шийдвэрээ гаргана. Гуравдугаарт, зардал мөнгө хэмнэнэ. Бодын хоёр дахь арилжаа эхэлсэн үед ганцхан секундын дотор мөнгө нь дансанд орж ирнэ. Тэгэхээр энэ бол иргэдэд маш том давуу талыг бий болгож байгаа юм. Апплекшн татсан байх хэрэгтэй, данстай байх хэрэгтэй. Тэгээд л болоо.
-Апплекшн нь татаж авахад үнэгүй юү?
-Мэдээж үнэгүй.
-Засгийн газрын бондыг блокчэйнд суурилсан платформоор арилжаалахын давуу тал нь юу юм бэ?
-Тухайлбал иргэн Та засгийн газрын бондыг худалдаж авахад данс нээлгэж, ихэвчлэн 3-5 хоног зарцуулдаг байсан. Үүнийг нь брокерийн компанийн шийдвэрээр шийдэгддэг байсан бол одоо бол өөрөө гар утсандаа апп татаж суулгаж, интернэтээр орж ганц хоромд, ямар ч зуучлалгүйгээрЗасгийн газрын бондыг худалдан авах боломж нээгдэж буй юм. Өмнөх Засгийн газрын бондуудад ихэвчлэн банкууд голлох үүргийг гүйцэтгэж байсан бол иргэдийг оролцох боломжийг нээж байгаа юм. Иргэд Засгийн газрын бондыг худалдан авах арга, боломжийг хялбаршуулсан. Интернэт орчинд цахим банк, банкны аппликэйшнүүд хөгжиж хийж байгаа шигээр бид хөрөнгийн зах зээлийн хөгжлийг яг энэ түвшинд авчирсан. Түүнийгээ Засгийн газрын бондод нэвтрүүлнэ. Үүнээс гадна хүүгээр өрсөлдөх гэдэг бүтээгдэхүүн байгаагүй. Тэгвэл бид энэ боломжийг иргэд, аж ахуйн нэгжид олгож байгаа. Ингэснээр Засгийн газрын бондыг худалдан авах олон санал дундаас бага хүү амласан нь бондыг худалдаж авах болно. Улмаар бондын хүү буурах, улс маань бага хүүтэй зээлээр үйл ажиллагаагаа санхүүжүүлэх гэсэн зөв зүйтэй алхмыг Засгийн газарт авчирна.
-Өмнө бол ихэнх арилжаанд банкууд орж өндөр хүү тогтоодог байсан. Тэгэхээр Засгийн газрын гадаад зах зээлээс авах санхүүгийн суурь үзүүлэлт болдог бондын хүүг бууруулснаар бидний авах зээлийн хүү ч гэсэн буурч, хөрөнгө босгоход ч гэсэн нөлөөлнө гэсэн үг байх нь?
-Ер нь бол Монгол Улсын санхүүгийн үзүүлэлт, Сангийн яамны зарим эдийн засгийн үзүүлэлтэд сайнаар нөлөөлнө. Өмнө иргэд маань банкинд мөнгөө хадгалуулж, хадгалуулсан мөнгөөр банк Засгийн газрын бонд худалдаж авдаг байсан. Тэгвэл одоо иргэд банкинд мөнгөө хадгалуулах биш хамгийн баталгаатай, төр засгийнхаа бондыг худалдан авснаар төрийн засгийн зүгээс ч, улсын эдийн засгийн үзүүлэлтэд эергээр нөлөөлнө. Дээрээс нь иргэдийн санхүүгийн боловсрол сайжирна. Хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэдэг зөвхөн хадгаламж биш, бонд худалдаж авах хувьцаанд хөрөнгө оруулах ч гэсэн ордог гэдгийг ойлгоно.
-Илүү бага хүү амласанд нь Засгийн газрын бонд худалдаж авах боломж олгоно гэлээ. Тэгтэл би хүсээд ч амласан багаас нь илүү бага хүү амлахаар надад ашиггүй болчихвол яах вэ?
-Мэдээж ямар хүүгээр Засгийн газрын бонд худалдаж авах нь тухайн хүний шийдэл. Энэ нь мэдээж цэвэр зах зээлийн өрсөлдөөн болж бондын зах зээл дээр шударга үнэ тогтооно. Дэлхийн стандарт ийм байдаг.
-Засгийн газраас ямар нэгэн хүү зарлахгүй гэсэн үг үү?
-Зарлана. Гэхдээ дуудлага худалдаа шигээр бага хүү амлаж, өөрт авах боломжоо нэмээд явах зарчмаар явагдана. Энэ нь эрүүл өрсөлдөөн үүсгэх гэсэн оролдлого юм.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл (15)